Улаанбаатар хотод коронавирусаар өвчилсөн иргэн “С” нь ХӨСҮТ-ийн сувилагч юм байна. Түүний 1-р хавьтагч болох иргэн Б,Т нар ковидоор өвчилсөн иргэн “С”-тэй Улаанбаатар хотод нэг гэрт хамт амьдарч байгаад “Алтай” суманд 2020.12.24-нд иржээ.

Улаанбаатар хотоос Ховд аймгийн “Алтай” суманд ирсэн Б,Т гэх 2 иргэний PCR-ын шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн тэдэнтэй хамт Улаанбаатараас нэг машинд зорчиж ирсэн 4 иргэний хариу ч сөрөг гарсан байна /2021.01.03/. Тухайн иргэд ажиглалтанд байгаа бөгөөд давтан шинжилгээнүүдийг хийх юм.

Одоогоор Ховд аймгийн Алтай суманд хязгаарлалт тогтоогоод байна. 

Тодруулбал, коронавирусийн халдвартай иргэний нэгдүгээр хавьтагч тус суманд очсон тул хоёр, гуравдугаар хавьтагчдыг тогтоох зорилгоор аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 2-ны 14:00 цагаас 5-ны 09:00 цаг хүртэл түр хязгаарлах шийдвэрийг сумын онцгой комиссоос гаргажээ.

Энэ хугацаанд сумаас гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг мөн хязгаарласан байна. Коронавирусийн халдвартай иргэний тус суман дахь хавьтагч нарыг тусгаарлахыг сумын Эрүүл мэндийн төвийн даргад үүрэг болгожээ. 

Мөн сумын төвийн автомашины хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор иргэдэд шатах, тослох материалаар үйлчлэхгүй байхыг тус сумын төвд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудад даалгасан байна.