УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХҮЕГ-ын дарга асан Б.Нямдаваа нарын найман хүний хяналтын шатны шүүх хуралдаан Улсын дээд шүүхэд товлогдлоо.  Улсын дээд шүүх буюу Хяналтын шатны шүүхээр хэргийг нөгөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 8-ны баасан гаригт хэлэлцэхээр товлосон байна.

Анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Харин Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хэвээр үлдээсэн тул тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж хяналтын шатны шүүхэд хандсан нь энэ аж.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 төсөлд давуу байдал олгож, санхүүжилтийг шийдвэрлэсэн гэх хэрэгт холбогдсон юм. Тэрбээр энэ хэрэг буруугүй хэмээн мэдэгдэж анхан шатны шүүх хурлыг нээттэй явууулах санал гаргасан. Гэвч шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Хяналтын шатны шүүх хурлыг нээлттэй явуулж, сэтгүүлчдийг оруулах хүсэлтийг хэргийн оролцогчид шүүхэд гаргасан гэх мэдээлэл байна. Өмнөх хурлууд нь нээлттэй гэсэн нэрээр болж байсан ч шүүх хурал эхлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг танхимаас гарган шийдвэр гаргаж байсан нь нээлттэй нэрийн дор хаалттай шүүх хурал хийж байсан гэж хэлэхэд болно. Харин энэ удаад олны анхааралд өртсөн энэ шүүх хурал олон нийтийн өмнө болон хэвлэлд нээлттэй шүүх хурал болох уу гэдгийг харах л үлдэж байна.