Дэлхийн хоёрдугаар дайны үед хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн Ленинградын бүслэлтийн тухай сонсоогүй, дуулаагүй уншигч цөөнгүй байж мэднэ. Бүслэлтийн үеэр амиа алдсан 1.5 сая хүний 97 хувь нь өлсгөлөн өвчнөөр өөд болсон, бүслэлтээс хойш гурван сарын дараагаас гудамжинд харангадаж үхсэн хүмүүсийн цогцос харагдаж эхэлсэн, өлсгөлөн иргэд муур, нохой, хархаа идэж, бүр сүүлдээ арьсан гутал, ширэн бүс буцалгаж амь зогоож байсан гэх мэт сэтгэл эмзэглэм айдаст түүхүүдээр нь хүн төрөлхтөн Ленинградын бүслэлтийг гашуудан дурсдаг.

Өнөөдөр Улаанбаатар өнгөрсөн зууны Ленинградтай жишиж болохуйц бүслэлтэд орчихжээ гээд дүгнэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Өнгөрсөн зууны дундуур ленинградчууд Гитлерийн бүслэлтэд, их дайны хөлд төсөөлшгүй зовлон туулсан бол энх цагт Улаанбаатарчууд тахлын хөл хорионд тарчиг хэцүү аж төрж сууна.

Халуун намраар ковидын карантин эхэлсэн. Залгуулаад өвлийн хахир хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Ид намраар зогсоолд нь тавьсан машинууд одоо ч тэндээ хөлдүүс болж нам зогссон хэвээрээ, намрын налгар өдөр үүдээ хаасан үсчин гоо сайхан, элдэв үйлчилгээний газрууд өнөө ч хаалгаа барьсан янзаараа. Машинаараа халтуур хийж, үс засч, гоо сайхны үйлчилгээ үзүүлж, лангуу түрээсэлж бараа зарж гээд чадах ядахаараа, эрвийх дэрвийхээрээ хөдөлж амьжиргаагаа залгуулдаг иргэд хөл хорионы хэдэн сар орлого мөнгөгүй хамгаа барж суугаа нь гашуун үнэн. Засгийн газар ковидын сураг дуулдсан түрүү жилийн эхнээс л хувийн хэвшлээ шоовдор хүүхэд шиг илүү үзэж хатавчныхаа хавьд суулгасаар өнөөг хүрсэн. Хатавч бараадсан шоовдор хүүхэд мэт адлагдсаар ирсэн хувийн хэвшлийнхэн тахлын хорион дунд аргаа барж яваа. Олон компани хаалгаа барьж, үйл ажиллагаа нь арай зогсчихоогүй амьтай голтой хэд нь ажилчдаа халж, зардлаа аль байдгаараа танаж, юм юм л болж байна. Товчхондоо бүх бизнес зогссон бүүдгэр өдрүүд үргэлжилж байна.

За тэгээд Нарантуул дээр тэрэг түрж бараа зөөдөг тэрэгчин хүү, гутал тосолж, гудамжинд тамхи бохьхон ширхэглэдэг настнууд, Долоон буудлын хавьд хонины толгой, шийр, ногоо, жимс, аяга шанагахан зардаг иргэд, ТҮЦ түрээслэгчид, дугуй засварынхан гээд өдөртөө олсон мөнгөөрөө амь зуудаг хэсгийн тухай ярих юм биш. Өвлийн тэсгим өдрүүдэд тэд яажшуухан амьдарч байгаа бол. Төсөөлөхөд ч хэцүү байна. Их хотын эд эс болсон тэднийг засаг төр нь “Улаан загалмай”, “Ид шидийн орон”, хүнсний талон, хүүхдийн мөнгө мэтхэнд найдаад орхичихсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Шуудхан хэлэхэд, амьдрал нь таг зогссон сая гаруй хүн тахлын хөл хорионд бүслэгдэж, дөрвөн уулын дундаа гэр гэртээ ажил ч үгүй, орлого ч үгүй аж төрж байна.

Яг ийм үед Засгийн газар хөдөө тийш хүчит тэжээлийн тусламж илгээхээ ид бахтайгаар зарлаж байх юм. Өвөлжилт хүндэрсэн таван аймгийн 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлэх юм байх. Тэжээл ачсан машинууд эхнээсээ аймгууд руу цуваад эхэлчихэж. Малчдад тэжээл хүргэж өгөх машины жолооч нарт Ерөнхий сайд талархал илэрхийллээ гэсэн утгатай мэдээ Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд дурайж байна. Цар тахлын хүнд өдрүүдэд банкны өндөр хүүтэй зээлд дарлуулсан ч сая хүнийг цалинтай орлоготой авч яваа хувийн хэвшлийнхнээ дэмжих нь битгий хэл ад шоо үзсээр байгаа Засгийн газрын тэргүүн маань хөдөө тийш хүчит тэжээлийн цуваа илгээж, малчдад хайр зарлаж суугаа нь хачирхмаар хэрэг шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн эрх баригч МАН-д, намын дарга, улстөрч У.Хүрэлсүхийн хувьд малчдад ийн хайр зарлах нь ашигтай нүүдэл байх. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд бол хэтэрхий мугуйд шийдвэр гэж харагдаад байна.

Уг нь мань эр өдийд хувийн хэвшлээ бага хүүтэй, дажгүй нөхцөлтэй зээлээр дэмжихээ мэдэгдэж, тахлын хөл хорионд суугаа иргэдийнхээ ахуйд нэмэр тус болсон шийдэл гаргасан шигээ суусан бол жинхэнэ Ерөнхий сайд шиг харагдах байлаа. Улсынх нь нийслэл бүслэгдсэн Ленинград шиг хэцүү байдалд орчихоод байхад тахлын мөр байтугай үнэр ч үгүй, амар жимэр ажин түжин суугаа хөдөөгийнхөнд гадаадын үнэтэй тэжээл үнэгүй бэлэглэсэн шигээ сууж буйг яг юу гэж ойлгох вэ. Тахалгүй, өвчингүй байна гэдэг амьдрал хэвийн өрнөж байна гэсэн үг. Амьдрал нь хэвийн өрнөж буй аймгуудад тахлын хорионд орсон нийслэлээс тусламжийн цуваа илгээж байгааг яаж ч харсан зөвтгөх шалтгаан олдохгүй байна.

Малчдын мал нь хувийн өмч. Тэд малынхаа мах, сүүг борлуулаад олсон бүх л ашгаа өөрсдөө хүртдэг. Хувийнх нь өмч учраас тэгэх нь ч тодорхой. Тэгэхээр хувийн өмчөө хамгаалж цас зуданд алдчихгүй байх үүрэг нь ч малчдынх байх учиртай. Зах зээлийн жам нь тийм. Өмчийнхөө ашгийг өөрөө хүртэнэ, ашгийг нь хүртэж буй өмчөө өөрөө хамгаална. Дэлхийн аль ч улсын иргэд ийм зам жамыг туулсаар өнөөг хүрсэн. Бодит үнэн нь ийм атал Засгийн газар олсон жаахан мөнгөө тахлын хөл хорионд хэцүүдсэн хувийн хэвшлээсээ харамлаж, хөдөө тийш малын тэжээл болгон урсгах нь яаж ч бодсон зөв шийдэл биш. Товчхондоо Монгол Улсын эдийн засаг бол Улаанбаатар. Монгол Улсын хүн амын талаас илүү нь дөрвөн уулын дунд аж төрдөг. Ийм том онцлогтой нийслэл нь тэр чигтээ тахалд бүслэгдчихээд, улсынх нь иргэдийн тал хувь нь ажил, орлогогүй нам суучихаад байхад ийшээ биш тийшээ анхаараад суух юм даа, манай засаг.