УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Ерөнхий сайдын томилгоотой холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 80-аад онд төрсөн хүн Монгол Улсын Ерөнхий сайд болох гээд ороод ирж байна. Таны туулсан карьер үнэхээр бахархмаар байна. Гэтэл тантай чацуу 1980 онд төрсөн залуус өөр байна. Ажилласан байдлыг тань харахаар хувийн хэвшилдл огт ажиллаж байгаагүй юм байна. Дандаа төрд ажилласаар байгаад энэ хүрсэн, амьдрал ахуй чинь ч их сайжирсан юм байна. Энийгээ өөрөө юу гэж бодож байна.

Таныг дэвшээд ороод ирж байгаад гайхаж байна. Энэ бол Монголын ард түмнийг доромжилж байгаа нэг хэлбэр. Монгол Улсын Засгийн газар алдаа гаргаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Энэ алдаанд таны ч оролцоо бий. Огцорчихоод яагаад буцаад орж ирж байгаа юм бэ.

Оюутолгойн асуудалд Монгол Улс өрөнд ороод дуусах юм байна. Та ЗГХЭГ-ын даргаар сүүлийн хоёр жил ажиллаж байгаа. Энэ дээр юу хийсэн юм бэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ, би 1980 онд төрсөн. Намайг хоёрдугаар ангид байхад Ардчилсан хувьсгал өрнөсөн. Өнгөрсөн 30 жил 80-аад онынхонд хамгийн амаргүй туссан. Тийм учраас би үүнийг үүрсэн 80-аад оны төлөөлөл.

Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг ойлгодог гэж бодож байна.

Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг та улстөржиж асууж байгаа учраас үүнийгээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асангаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, өөрийнхөөрөө захирамж гаргасан юм бэ гэдгийг асуу. Яагаад 11 асуудлыг өөрчилж, өнөөдөр татварын ногдол ашиг авахгүй болсныг асуу. Өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталсныг, Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйлд би байгаагүй. Гэхдээ энэ бүх завхралыг засах гэж өнгөрсөн хугацаанд хичээсэн.