Судлаач, профессор Д.Чулуунжавын “Судалгааны бүтээлийн эмхэтгэл” –ийн 12 дугаар дэвтэр хэвлэгджээ. Уг эмхэтгэлд багтсан нийтлэлүүдээс цувралаар хүргэж байна. Эмхэтгэлийн редактораар ажилласан судлаач, проффессор А.Жамбалын өмнөтгөлийн хамт “Төрийн толгойд хэн байх ёстой вэ?” нийтлэлийг хүргэж байна.

Редакторын үг

“Судалгааны бүтээлийн эмхэтгэл” /арван хоёрдугаар дэвтэр / ном уншигчдын гар дээр очиж байна.

Урд өмнө нь бичиж хэвлүүлсэн ном, өгүүллүүдээ судлаач эргэж сайтар нягталдаг бололтой. Тэднээсээ сэдэл, эхлэл авсан, гэхдээ өмнөхөөсөө илүү их гүнзгий, илүү их алсуур сэтгэж, илүү их товч, тодруун өгүүлсэн зүйлүүд энэ дэвтэрт орсон нь харагдаж байна.

Эргэн эргэн бодох, дэлгэж нэг хурааж нэг үзэх, дүгнэлтүүдээ дүгнэх, даамаа гүн рүү нь шагайх, давхар давхар гаргалгаа хийх, даацтай томоор сэтгэх чадавх үнэнхүү 70-аас цааш насанд л цогцолдог бололтой. Судлаачийн бичсэн сүүл сүүлийн өгүүллүүдийг уншихад иймэрхүү бодол аяндаа, яалт ч үгүй төрөх ажээ.

Бодсон, олсон, бичсэн, нийтлүүлсэн бүхэн дээрээ тулгуурлан илүү гүний, илүү ерөнхий, илүү үнэнийг өгүүлэх нь дээд зиндааныхны л хэрэг байх. Нас ба бүтээл хоёрын дүүрэх, цалгих түвшнээс л хомосапиенсын тархи-компьютер илүү ухаалаг болдог байж болох юм. Энэ дугаарт орсон 30 гаруй өгүүллийг уншиж, сонжиж суугаа минь энэ...

Ная гарсан насандаа энэ судлаач юуны тухай юутай сонихоныг өгүүлэх бол оо? гэж ч бодогдлоо. Ахин дахин эргэж нягталсан бүхэн цаанаа л нэг “чөмөгтэй” байх ажээ.

“Залууст зориулав” гэж хаяглаад бичсэн өгүүллүүд нь үнэхээр л залууст хэрэгтэй, товчхон, зөв рүү залсан, үнэн рүү түлхсэн шинж, чанартай болжээ. Чухлыг товч, тодорхой өгүүлэх нь залуу тархинд оч үсэргэж, зам мөрийг заах байх л даа.

Чулуунжавын бичсэн ном, өгүүллүүдэд олон шинэ санаа, шинэ дүгнэлт, сонин гаргалгаа, шинэ онол дэвшүүлэгдсэн байдаг боловч тэдгээрийн үндэслэгээ нь логикийн үүднээс, шалтгаан үрийн үүднээс, шүтэн барилдлагын үүднээс үгүйсгэхийн аргагүй байдаг онцлогтой. Энэ дэвтэрт орсон өгүүллүүдийн хувьд мөнхүү шинж бүрэн хадгалагджээ.

 

Судлаач, профессор А.Жамбал

 

 

Төрийн толгойд хэн байх ёстой вэ?

“Олон сая хүн амтай бүхэл бүтэн улс орныг зөв замаар, зөв удирдаж, жилээс жилд улам сайхан амьдруулна” гэдэг бол тун ч амаргүй ажил, үүрэг юм. Энэ ажил, үүргийг амжилттай гүйцэтгэхэд мэдлэг, боловсрол, туршлага, үнэнийг олох ухаан, төлөвлөх, хэтийг харах чадвар, нас дагаж ирдэг хүлээц, хүмүүстэй ажиллах арга, эв, тайван түвшин ааш зан, өндөр ёс суртахуун, эх түүхийн мэдлэг, эх оронч сэтгэл, ард олноо хүн зоноо гэх хайр халамж, зорьсондоо хүрэх тэвчээр хатуужил хэрэгтэй болдог. Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүний ажлын байрны тодорхойлолт, болзол гэж энэнийг нэрлэж болох юм.

Өөрсдийгөө, улс орноо удирдуулах хүнийг зөв сонгож авах чадвар бол тухайн ард түмний ухамсар, улс төрийн соёлын нэгэн том үзүүлэлт болдог.

 

Өмнө өгүүлсэн дээр тулгуурлан бодох, дүгнэх аваас дээрх  шаардлага, болзлыг хангаагүй хувь хүн улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх нь бараг гэмт үйлдэл, ёс суртахуунгүй үйлдэл юм. Шаардлага, болзол хангаагүй тохиолдлын хүнийг Ерөнхийлөгчөөр сонгосон ард түмэн, сонгогчид бол “Өөрөө  унасан хүүхэд уйлдаггүйн” үлгэрээр орох ирээдүйг өөрсөддөө буй болгож байгаа том алдаа, эндэгдэл юм.

 

Төр, засгийн гаргасан том, жижиг ямар ч шийдвэр улс орноо, ард түмнээ хаашаа ч хөтөлж болно. Сэргэх, дэгжих амжилт руу ч хөтөлнө, бас уруудах, доройтох ангал руу ч ойртуулж чадна. Төр, засгийн шийдвэрт жижиг алдаа гэж бараг л байдаггүй. Маш том хохирол, маш муу үр дагавар авч ирсэн жижиг шийдвэрүүд түүхэнд маш олон буй.

Төр, засаг туршлага, мэдлэг доройгоосоо болоод өөрийн маш чухал, хамгийн гол зорилгондоо харшлах шийдвэрүүдийг гаргасан баримт ч олон байдаг. Монголынхаа хэн бүхний мэдэх хоёр жишээ татъя. Монгол улс цөөн хүн амтай. Хүн амаа өсгөх бодлогыг төр, засаг баримталдаг. Гэтэл үр хөндөлтийг илүү их чөлөөтэй болгосон шийдвэр сүүлийн 20-иод жилийн дотор 600.000 үрсийг хөнөөжээ.

Хувийн голдуу эмнэлгүүд мөнгөний шуналд хөтлөгдөж, эмч нар ч гиппокаратын тангаргаас няцжээ.

Нөгөө жишээ нь баруун гарын хөдөлгөөнтэй улс оронд үл таарах, бүр харшлах жолооны хүрдтэй машин. Ийм шийдвэр гаргасан дарга нар “20 гаруй жилийн дүнгээр 6000 орчим хүний амь насыг хөнөөх, хэдэн зуун хүнийг  тахир “дутуу болгох нүгэлтэй нэр, биеэ холбогдуулах” эрсдлийн тухай бодох ухаан ба туршлагагүй байжээ. Мэдлэг, чадвараар маруухан, холыг харах, тооцох ухаангүй, ойворгон залуус төр, засгийн өндөрлөгт гарсны улмаас “хүн амаа өсгөх төрийн бодлого” ингэж эмтэрч, эзэнгүйджээ.

Үр хөндөлттэй холбоотой асуудлыг төрөөс өөрөөр зохицуулах боломж арга, хэлбэр, бусад орны жишээ, туршлага байсан уу?

Байсаан! Төрийн түвшний оновчтой бодлого л үгүйлэгджээ.

Үйлдвэрлэгч улс оронтой нь ярилцаж тохироод хэдэн зуун мянгаар нь оруулж ирж байгаа машины жолооны байрлалыг солиулж болох байсан уу? Байсаан! Энд мөн л лавлуулан бодох ухаан, үр дагаврыг нь урьдчилан олж харах чадвар дутагджээ... маш гүйхэн, өнгөц сэтгэцгээжээ.

 

Дэлхийн улс орны ихэнхид нь Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын спикер нар хуультай юм шиг л 60, 70 орчим насны хүмүүс байдаг. Хэр чадварлаг болохоо тэд амьдрал, практик дээр нотолчихсон, сэхээтний давхраа болон улс төрчдийн хүрээнд өндөр нэр хүндтэй, шилэгдэж тодорсон, хэн ч гэсэн тэднийг өөлөхөд хэцүү, нэр төрөө эрхэмлэдэг нь түмэнд илэрхий болчихсон байдаг.

 

Тэд хамтарч ажиллах нөхдөө ч гэсэн зөв сонгодог, бусад улс орны удирдлагатай ч гэсэн хэл амаа түргэн ололцдог, итгэл хүлээж чаддаг.

Автомашинтай холбоотой зүйл дээр яригдсан болохоор энд өөр нэгэн зүйлийг дурдахгүй байж боломгүй санагдлаа.

Жолооны нь ард согтуу хүн сууж буй машин бол галт зэвсэгнээс ч илүү их аюултай, хөнөөлтэй. Гэтэл манайд ийм үзэгдлийг зохицуулдаг хууль, хүлээлгэдэг хариуцлага хэтэрхий гэхээр сул байна. Хүний амь хөнөөсөн галт зэвсгийг аль ч оронд шууд хураадаг. Энэнтэй адилтган үзэж эзэнд нь ял оноож. машиныг нь хураахад болохгүй зүйлгүй. Эрхээ хасуулсан жолооч маргааш нь мөн л согтуугаар машинаа жолоодоод явж байсан тохиолдол олон гарчээ. Машин нь хүн алах зэвсэг болж ашиглагдаж байна шүү дээ! Олон хүний амь хөнөөлгөснөөс нэг иргэний машиныг хураасан нь дээр биз дээ?

Мэдлэг, чадвараар сул, туршлага гэх юмгүй, холыг харах ухаангүй залуус төр, засгийн өндөрлөгт гарсны гай мөн ч олон талаар нүүрлэсэн дээ!

Аборт, авто осол, архи, тамхи, ядуурал эд бүгд алуурчны илд гэсэн үг. Тэд корона вирусаас ч илүү их аюултай болчихоод байна.

 

* * *

Өнгөрсөн 30 жилийн дотор Монголын хүн амын 30 гаруй хувь ядуурч, олон зуун хүн гэр оронгүй, ажил албагүй болон золбирч, мөн олон зуун хүүхэд тэнүүчилж амьдрах болсны гол шалтгаан нь гагцхүү шуналын сэдлээр төр, засгийн өндөрлөгт шургалан орсон залуусын хулгай, луйврын үйл ажиллагаа юм. Тэд бүр анхнаасаа л улс төрийн үйл ажиллагаа, төрийн өндөр албан тушаал бол амар хялбар хөрөнгөжих хамгийн ашигтай бизнес гэж ойлгосон үзэл ухамсартай байжээ. Тэдний хувьд улсын төсөвт цуглардаг мөнгө бол эзэнгүйдсэн хөрөнгө, хичнээнээр ч хулгайлж, залилан авч болох баялаг ажээ. Тийм дээрээс ч тэд 30 жилийн туршид  хулгайллаа, луйвардлаа, бараг бүгдээрээ төрөөс төрсөн тэрбумтан болцгоожээ. Одоо гэхэд заримын нь хулгай, луйвар, авилга илчлэгдэж ял зэмлэл хүлээж эхлээд байна. Цаана нь олон хулгайч, авилгачид нуугдацгааж байгаа юм.

 

Эрх барьж ирсэн хоёр намын удирдлага бараг бүгд хулгай, луйвар, авилгын хэрэгт холбоотой, цагдаа, шүүхийн олон ажилтан тэдний хамсаатан болж хувирсан, банк санхүүгийнхэн ч гэсэн тэдний хам хэрэгтэн болчихсон нь өнөөгийн Монголын эмгэнэлт бодит байдал ажээ.

 

Өмнө дурдсан эмгэнэлт байдлаас Монголыг хэн гаргах, аврах юм бэ? МАН-АН-ынхан энэ ажлыг хийж чадахгүй. Эрүүл, саруул, шударга, эх оронч гуравдахь хүч хэзээ, хаана, ямар хэлбэрээр төрж гарах бол оо?

Аман дээрээ зөвийг ярьж, ихийг амлаж байгаад төрийн том албанд орж, орсон өдрөөсөө эхлээд л булхай, луйвар хийж, авилга авч, улс эх орондоо хорлол болсон гэрээ, хэлэлцээр байгуулж, өнгөц гоомой хэлэлцэн баталж, батлуулж, тэгснийхээ шанд их хэмжээний авилга авсан хүмүүсийг илрүүлэх, хариуцлага хүлээлгэх ажил ор нэрийн төдий байгаа төдийгүй зарим зальт этгээдийг Чингисийн одонгоор шагнасан талаар ч иргэд гайхан ярилцах боллоо.

Төрөөс төрсөн тэрбумтны тоо өссөөр, тэдэнд дээрэмдүүлсэн жирийн иргэд ядуурсаар, ЖДҮ эрхлэгчид дампуурсаар, улс орны гадаад өр нэмэгдсээр, төрдөө итгэх ард түмний сэтгэл сэмэрсээр, хөрөнгөжиж хүчирхэгжсэн авилгачид улам бүр эрэмшин танхайрсаар, 30 жил хууртагдсан сонгогчид цөхөрч, гутарч, хэрхэхээ мэдэхээ больчихоод байна.

 

МАН-АН бүлэглэл 30 жилийн дотор үндэсний хөнгөн аж үйлдвэрүүдийг хот, хөдөөгүй устгалаа. Энэнээс болж эмэгтэйчүүд ажилгүй болов. Ажилгүйдэл нь эмэгтэйчүүдийн байдлыг олон талаар доройтуулжээ.

 

Эдийн засгийн зохицуулалт /ядаж бэлчээрийн, малын хөлийн татвар/ үгүйгээс малын тоо толгой хэтэртлээ өсөж, ашиг шим нь буурлаа. Ус, бэлчээрийн хомсдол олон зөрчлийн шалтгаан болоод байна. Хүн амын эрэгтэй хэсгийн боловсролын түвшин 1990 онтой харьцуулахад ихээхэн доошиллоо.

Боловсролын систем, эрүүлийг хамгаалах систем гагцхүү мөнгө, ашгийн хойноос хөөцөлддөг бохир бизнес болж хувирлаа.

Улсын нийслэл маань орчин үеийн боловсронгуй хот гэхэд хэцүү, Улаанбаатарчууд маань хот газрын соёлтой иргэд гэхэд хэцүү болчихлоо.

Банк, санхүүгийн систем улангассан мөлжигчид болж хувирчээ. Мөлжлөгийг Монгол банк толгойлдог /бодлогын зэрлэг өндөр хүү/ болов. УИХ мөнхүү мөлжлөгийг зөвтгөж, сайшааж шахуу хандсаар удлаа. Зээлийн өндөр хүү бизнесийн ертөнцийг хөсөр унагааж мөлхүүлсээр байна

Уншсан хүн уймарч солиорох, амиа хорлох болуузай гэж айгаад цааш үргэлжлүүлж зүрхэлсэнгүй. Дор бүрэндээ шүүн, тунгаан бодохтун! Хэрхэвээс зохих талаар зөвлөлдөхтүн!

 

Судлаач, профессор Д.Чулуунжав