УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах санал өргөн барьсаныхаа төлөө намаасаа хөөгдөх дээрээ тулаад байна.

Учир нь МАХН-ын удирдлагын зүгээс түүнийг Х.Тэмүүжинг огцруулах саналаа маргааш оройн 17 цагаас өмнө татаж авахыг шаардсан байна. Шинэчлэлийн Засгийн газарт багтан ажиллаж байгаа тус намын хувьд байр сууриа хадгалж үлдэхийн тулд О.Баасанхүүг ийнхүү шахаанд оруулж байна. Хэрэв огцруулах саналаа татаж авахгүй бол намаас нь хөөх гэнэ. Хэрэв намаасаа хөөгдвөл намын жагсаалтаар УИХ- д суусан учир УИХ-ын гишүүнээс нь мөн эргүүлэн татах болж байгаа юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн долоо хоногт намын бүлгийн даргын авсан 5 хоногийн завсарлагын ачаар албан тушаалтайгаа үлдсэн.

Энэ хугацаанд өөрийг нь огцруулах санал өргөн барьсан О.Баасанхүүг Н.Энхбаяртай нийлэн энэ мэтчилэн байдлаар дарамт, шахаанд оруулж байгаагаас сайдын албан тушаал нь түүнд ямар их үнэ цэнтэй, суудлаа хадгалж үлдэхийн тулд хэнтэй ч, ямар ч тохиролцоо хийн улайрч байгаа нь харагдаж байна.

О.Баасанхүү гишүүний хувьд Х.Тэмүүжинг огцруулах санал өргөн барьсанаас хойшхи сар гаруйн хугацаанд энэмэтчилэн ил далд, сэтгэл зүйн дарамтанд байнга өртөх болжээ. Намаасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа О.Баасанхүү гишүүн ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй. Ямар боловч энэ пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд Х.Тэмүүжин, Х.Баттулга нарын асуудлыг хэлэлцэх юм.