Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүнээр Б.Нямжавыг сонгон тэрбээр ажлаа албан ёсоор хүлээн авчээ. Төв аймгийн хүчтнүүдийг нэгтгэсэн тус дэвжээг УИХ-ын дарга асан М.Энхболд анх санаачлан үүсгэн байгуулж байсан юм.  

Тус дэвжээнээс өнгөрсөн хугацаанд улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ч.Батчулуун, Г.Ганжад нарын зэрэг улсын цолтон төрөн гарчээ.

Тус дэвжээний тэргүүнээр 10 гаруй жил ажилласан М.Энхболд ийнхүү ажлаа хүлээлгэн өгөх үеэр хэлэхдээ, Төв сайхан нутаг маань эрт дээр үеэс уул ус, нутгаараа овоглосон хүчит бөхчүүд, алдарт уяачид, шандаст хурдан хүлэг, цэц мэргэн харваачдаараа алдартай билээ.

Энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор баяр наадам хойшилсон ч гэсэн уламжлал ёсоор дэвжээний бөхийн галаараа зочилж, нутгийн бөхчүүд маань өнгөтэй, бяртай, эвтэй байгааг харах сайхан байна.

Та бидний шүтээн болгон дээдэлж явдаг Богдхан уулаараа овоглосон “Дүнжингарав” дэвжээг миний бие 10 гаруй жил тэргүүлэн ажиллах даа анх таван ханатай монгол гэрт үүсгэн байгуулж байсан бол сүүлийн жилүүдэд өргөтгөж, галын бэлтгэлийн байрууд, гал тогооны барилга, гүний худаг зэргийг барьж байгуулан цахилгааны асуудлыг шийдвэрлэж, бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг сайжруулан бааз болгосноор манай аймгийн бөхчүүдийн амжилт тогтмол өсөж аймаг, улсын цолтон олон бөхчүүд төрөн гарсан.

Мөн энэ үеэр дэвжээний тэргүүний үүрэгт ажлаа нутгийн дүү ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Баасансүрэнгийн Нямжавт хүлээлгэн өглөө. Дараа жил Ардын хувьсгалын түүхт ойн үндэсний их баяр наадамд “Дүнжингарав” дэвжээний нийт бөхчүүдээрээ алдар цолоо дуудуулан амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Төв сайхан нутгаас минь үеийн үед олон сайн бөхчүүд төрөн гарч, түмэн олноо баярлуулж явах болтугай хэмээжээ.