Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикт зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд "Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг", НИТХ-аас баталсан "Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны "Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам" батлах тухай 86 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас доор дурдсан суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх болсныг мэдэгдэж байна.

Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Шувуун Фабрик (Ламын энгэр) байршилд талийгаач нь байгаа иргэн 2021 оны долдугаар сарын 5-ны өдрөөс наймдугаар сарын 5-ны өдрийн дотор Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллахыг хүсье.

Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандарыг Самбалхүндэв ( Далан давхар)-ын оршуулгын газарт байрлах нийтийн суварганд залах юм" гэжээ.

Иргэд та бүхэн 72100101 утсаар холбогдож шаардлагатай мэдээллийг лавлана уу.