У.ОРГИЛМАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-нд УОК-ийн Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулахаар болсныг хэлсэн. Ингэхдээ “Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна.

Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан” гэсэн юм. Мөн одоогоор ЗамынҮүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байгаа хэмээж буй ч иргэдийн зүгээс нөхцөл байдал төдийлөн сайжраагүй гэж мэдээлж буй. 

Түүнийг уг мэдээллийг хийсний дараа Авлигатай тэмцэх газар байсаар байтал Авлигын эсрэг комисс байгуулах, Мэргэжлийн хяналтын газар байгаа боловч Бүрэн эрхт төлөөлөгч томилж буй нь тухайн хууль ёсны агентлагуудыг сулруулах эсвэл банктай зүйрлэвээс дампуурсан мэт ойлголт төрүүлж байна гэх шүүмжлэлтэй тулгарсан. Ингээд Засгийн газрын хуралдааны шийдвэр гарахад Авлигатай тэмцэх комисс нь авлигын индексийг бууруулах Ажлын хэсэг гэсэн нэртэйгээр, мөн саяхан томилогдсон АТГын дэд даргыг багтаасан байдлаар байгуулагдлаа. Гэхдээ Авлигын төсөөллийн индексээр 111-р байранд яваа Монгол Улсыг уг Ажлын хэсгийг байгуулснаар хоёр оронтой тоонд оруулах буюу ядаж 99-р байранд яаж хүргэх бол гэдэг тун сонирхолтой.

Мөн энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа гэгч улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгууллаа. Чиг үүрэг нь “хилийн боомтын хяналт, хил дамнасан тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах” гэж Засгийн газрын сайтад мэдээлсэн байна. Ийм чиг үүргийг биелүүлэхийн тулд яахаараа цоо шинээр Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулдаг билээ? Ковидын үеийн шинэ томилгоо, төсвийн хэмнэлт гэхчлэн хуульд заасан зохицуулалтай зэрэгцэн яг энэ цаг үед давхардсан чиг үүрэгтэй, дарангуйлал, коммунизм ханхалсан “Онцгой бүрэн эрхт захиргаа” гэгчийг өөр хаана, хаана байгуулах бол? Авлигатай тэмцэх байгууллагад ч гэсэн олон нийтийн сүлжээнд шүүмжлээгүй бол ийм л “комисс” байгуулах гээд Ерөнхий сайд ам алдчихаад дараа нь Ажлын хэсэг болгож “зүсийг нь хувиргаж” дээ гэж хардаж байна.

Авлигатай тэмцэх газар бол тусгайлсан хуультай, тусгай чиг үүрэгтэй байгууллага. Төрийн тусгай албадаар яагаад хамаагүй оролдож эхлэх болов? Хилээр, гаалиар, мэргэжлийн хяналтаар, Авлигатай тэмцэх газрыг “оролдож”, сүүдрийн ч гэх үү элдэв нэр томьёотой дарангуйллын шинжтэй, давхардсан үүрэгтэй шинэ бүтцүүд, Улсын төсөвт үйлдвэрийн газрууд нээгээд байх ямар шалтгаан байна? Энэ нь наанадаж “Авлигатай тэмцэх газар 15 нас хүрэхэд 15 гишүүнтэй Ажлын хэсэг гэгч байгуулагдаж чиг үүргийг нь булаацалдах нь” гэсэн ойлголт төрүүлж эхлээд байна. 

Дээрх илүү ажлаа зогсоож ЗГХЭГ л хэдэн агентлагтаа хяналт тавьж, тэр шинэ чиг үүрэг буюу ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалт гэгчээрээ хангах ёстой юм биш үү?Тэгэхээр эндээс ЗГХЭГ-ын даргын үүрэг хариуцлагын асуудал харагдаж байгаа биз? Гэтэл яагаад ийм үүрэгтэй Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайдад хариуцуулж ачааг нь нэмээд байгаа юм бэ? Авлига бол ноцтой гэмт хэрэг. Авлигын индекс бууруулдаг Ажлын хэсэг авлига илрүүлж таарна. Илрүүлсэн хэргээ яах юм бэ? Өөрсдөө шалгаж боогоод Намын даргадаа илтгэх үү? АТГ-т хүлээлгэн өгөх үү? Юугаараа, ямар ахиц гаргана гэж, аль орны туршлага, жишгээр Авлигын индекс бууруулах ажлын хэсэг байгуулах болов? Зургаан удаа хуулийн салбарыг удирдсан ЗГХЭГын дарга энэ талаар арвин туршлагатай. Авлигын талаар, Авлигатай тэмцэх газрын талаар ч “Хэлсэн үгтэй, дүрсэн гартай” шүү дээ. Яагаад ийм мухардсан шийдвэрт хүрэхэд таг дуугүй сууна вэ?

Засгийн газрын хуралдааны дараах мэдээнээс харахад өнөөдөр дээрх Ажлын хэсгийн чиг үүрэг, зорилго зэрэг нь улам тодорхой болох юм гэсэн. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. Ямартай ч Ковидын онцгой цаг үед албан тушаалын халаа сэлгээ хийхдээ хэн нэгнийг хэлмэгдүүлэх, шинээр Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах зэргээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын ажлыг самрахгүй, садаа болохгүйгээр хяналтаа тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж чадах хангалттай байгууллага, албан тушаалтнууд бий. Тэднийгээ шахаж ажиллуулах, шаардлага хангахгүй, ачаа дийлэхгүй бол солих нь зүйтэй байх аа...

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН