Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад Япон Улсаас Монгол Улсад 883 сая иений/$8 сая/ буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

Уг тусламжаар өвчнийг эрт үед илрүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, мутацид орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм байна.

Цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх Засгийн газар хоорондын солилцох нот бичигт Сангийн сайд Б.Жавхлан Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зуржээ.

Энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэх, шинэ төрлийн коронавирустай тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болно гэж үзжээ.