Үндэсний их баяр наадмын өмнө Төв талбайд болсон иргэдийн жагсаалд оролцсон, “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний идэвхтэн, Монгол Улсын Иргэн Д.Амартүвшинтэй ярилцлаа.

 

Үндэсний их баяр наадмын өмнө Төв талбайд болсон “No Naadam” уриатай жагсаалд оролцсон хүмүүсийг гадны тусгай албанаас санхүүжүүлсэн гэдэг мэдээ зарим сайтад нийтлэгдэж, цахим орчинд түгээд байна. Үнэхээр гадны тусгай албанаас санхүүжилт авсан юм уу?

 

Үнэхээр тийм мөнгө тарааж байгаа бол авмаар л байна. Хаана тэр мөнгийг нь тарааж байгаа юм бол? Тэр санхүүжүүлсэн байгууллага нь холбогдооч ээ. Мөнгөө авмаар байна. Энэ мэдээлэл ямар учиртай юм, бүү мэд. Бид бол яг ч  “No Naadam” биш “Тэвчээр тасарлаа” гэж хөдөлгөөний залуучууд л даа. Гэхдээ албан ёсны тамга тэмдэгтэй ТББ бол биш шүү дээ. Тухайн өдөр болсон жагсаал дээр “No Naadam”, “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөнийхөн, мөн дуучин Т.Бат-Оргил ахыг дэмжиж ирсэн гээд маш олон хүмүүс байсан. Мөн эмч нарын төлөөлөл, импортын бараа нь гааль дээр гацчихсан хүмүүс гээд үнэхээр болохгүй байгаа зүйлийн төлөө дуугаа хүргэх гэж ирсэн олон хүмүүс байсан юм. “Тэвчээр тасарлаа” бол тэдний нэг нь л юм. Тэр өдөр Засгийн Газраас наадам тэмдэглэх эсэхтэй холбоотой шийдвэр гаргасан учраас хүмүүс зөвхөн “No Naadam” гэдэг жагсаал гэж ойлгох нь илүү байсан юм болов уу? Уг нь тэнд цугласан хүмүүсийн 60 орчим хувь нь ажлаа хиймээр байна, хичээлдээ явмаар байна, хориогоо болиоч ээ гэдэг зүйлийг ярьж байлаа. Мөн бидний ажлыг, бизнесийг хорьчихоод дарга нар наадам хийж болохгүй ээ гэдэг санаа ч явж байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  “Би зарлана шүү” гэж ярьдаг.

 

Тэгэхээр яг аль байгууллагаас энэ жагсаалыг санхүүжүүлсэн юм бол гээд би гайхаад л байна. ОХУ, БНХАУ хоёроос айгаад, энэ 2 улс санхүүжүүлсэн гэж хэлэхгүй байх. Тэгэхээр хэрвээ зарлахаар бол Зимбабве хавьцаа Улсаас зохион байгуулсан гэж магадгүй л юм.

 

“No Naadam жагсаалыг гадны тусгай алба санхүүжүүлжээ” гэдэг мэдээгээ нийтэлсэн сайт нь удалгүй устгачихсан байна лээ. Эх сурвалжгүй, баталгаагүй учраас устгачихсан юм болов уу даа. Үнэхээр баримттай байсан бол устгахгүй байлгүй. Тэр Зариг гэж сайтын зарим сэтгүүлчид нь бага зэрэг хариуцлагагүй ажилласан юм болов уу гэж л харсан. Түүнээс хашир туршлагатай сэтгүүлчид тийм юм хийхгүй шүү дээ. Шинэковууд  самарсан юм болов уу? гэж ойлгосон. 

 

Цахим орчинд зарим хүмүүс жагсагчид ажлынхаа хөлсийг авсан гэсэн зүйлсийг бас бичсэн л харагдсан. Ер нь тэр өдөр төлбөртэй жагсаж байгаа юм болов уу? гэхээр зүйл ажиглагдсан уу?

 

Төлбөртэй жагсаал бол үнэхээр мэдэгддэг шүү дээ. Барьсан лоозон нь үнэтэй хулдаасан дээр хэвлэчихсэн, үсэг нь бараг нэг фонтоор бичигдсэн гэдэг ч юм уу? Харин тэр өдөр хүмүүс бичгийн цаасан дээр, цаасан хайрцаг дээр гээд өөрсдөө л дор бүрнээ хийгээд ирсэн байх шиг байсан. Надад бол төлбөртэй, тусгай зохион байгуулалттай гэмээр зүйл ажиглагдаагүй. Мөн төлбөртэй жагсаалд ихэнхдээ хөгшин хүмүүс оролцоод, яриа авах гэхээр нүүрээ дараад зугтаад байдаг шүү дээ. Гэтэл тэр өдөр дандаа залуучууд ирчихсэн, хэн нь ч бай хэвлэлийнхэнд яриа өгөөд л, ер нь юуны төлөө цугласнаа сайн мэдэж байгаа хүмүүс ирсэн байсан. Үүнийг хүмүүс ч хараад ялгадаг болсон байлгүй дээ. Ер нь аливаа жагсаалыг дараа нь улстөржүүлж, харлуулах гээд янз бүрээр л ярьж байдаг. Тэр болгон дээр очоод “Үгүй” гээд маргалдаад яваад байвал бүтэхгүй байлгүй дээ. 

 

Жагсаал дээр авчирсан шар өнгийн даавууг Хятадын Коммунист Намын 100 жилийн ойн бэлгэ тэмдэгтэй ижил өнгөтэй байна. Тус намаас санхүүжүүлсэн гэж хүртэл уяач гэх зарим хүмүүс ярьсан шүү дээ. Тэр шар даавуу яг ямар учиртай байсан юм бэ?

 

Хонконгд БНХАУ-ын эсрэг тэмцэл өрнөхөд шар шүхэр барьж явсан. Шар өнгөтэй зүйл зөндөө л байдаг шүү дээ. Тэр өдөр олдсон даавууны өнгө нь л шар байсан юм шиг байна лээ. Би тэр даавуунд оролцоогүй. “Тэвчээр тасарлаа” гээд орилоод явж байсан. Ер нь БНХАУ-ын эсрэг шар өнгө орсон хөдөлгөөнүүд зөндөө байдаг юм билээ. Хүмүүсийн таамаглал, ам дамжсан яриа, харлуулах гэсэн юм зөндөө явна даа. Түүнээс бодит факттай зүйл байхгүй. Намайг хүртэл бараг бэлгийн харьцаанд орж байхад хажууд минь зогсож байсан, бүр ижил хүйстэн гэх нь холгүй зүйл ч ярьж л байдаг. Тэр бүхэнд айгаад, эргэлзээд байвал сүүлдээ ямар өнгийн хувцас өмсчихвөл юутай адилхан харагдчих бол гээд тэмцэж ч чадахаа болих байх. Бүх л өнгөний цаана ОХУ, БНХАУ, Зимбабве гэх мэт улсын симбол байгаа шүү дээ. Өөрсдөө тэмцэхгүй байж дуугарсан хэдээ муулдаг ч юм уу, эсвэл эрх барьж байгаа намын явуулга ч байж магадгүй л гэж бодож байна. Өөрсдийнх нь эсрэг яваад байхаар хэн л дуртай байхав дээ?

 

Таныг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Энэ асуудал ямар шатанд яваа вэ? 

 

Намайг шалгаж байгаа асуудал тэр өдрийн жагсаалаас тусдаа. “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн  флаш моб хийсэнтэй холбоотойгоор шалгагдаж байгаа. “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний зохион байгуулсан флаш мобтой холбоотой асуудлаар Гамшгийн тухай хууль зөрчсөн гэж зөрчлийн хэрэг үүсгээд, 500 нэгжээр торгох, эсвэл 14-30 хоног баривчлах гэдэг заалтаар хариуцагчаар татсан. Өнгөрсөн 7 хоногт шүүх хурал болж, цагдаагаас ирүүлсэн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдэг шалтгаанаар хэргийг буцааж, шүүх хурлыг 14 хоног хойшлуулсан байгаа. Уг нь нотлох баримтын шаардлага хангахгүй бол заавал яллах гээд буцаах шаардлагагүй л дээ. Ямар ч байсан 500,000 төгрөгөөр торгуулах бололтой. Заавал торгох гээд л байна. 

 

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн цаашаа үргэлжлэх үү? 

 

Хөдөлгөөн тодорхой үр дүнд хүрч байгаа. Жишээлбэл: Цахим тоглоомын газрууд нээгдсэн. Кино театр, клуб болон караоке үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хүмүүс вакцины 2 тунгаа хийлгэчихсэн, халдвар аваад эдгэсэн хүмүүст үйлчилье гэдэг санал гаргаад явж байна.

 

Монголд ер нь улс төрчид нь пиар хийгээд л байдаг, урагшилж байгаа ажил байдаггүй.

 

Хил гаалийн асуудал бахь байдгаараа, хэвээрээ л байна. Энэ асуудал дээр дуугарья, нэгдэе гээд олон хүмүүс санал хэлж байгаа. Сая наадам болоод  хэсэг суларсан байх. Гэхдээ л хөдөлгөөн маань зогсоогүй.

 

“Amaraa’s weekly show” дээр өөрийн хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг харагдсан?

 

Тэгэлгүй яахав. Хэлэх гэсэн юмаа ямар нэг хяналтгүй хэлээд л явчихдаг. Манай шоу 14 хоног амарчихаад, энэ 7 хоногоос эхлэж байгаа. Мөн залууст улстөрийн мэдлэг олгох зорилготой хийдэг сургалт маань ирэх 7 хоногт эхлэнэ. Энэ мэтээр залуус өөрийнхөө эрхийг хамгаалдаг болоосой гэж хүсэж, хөдөлгөөн ч өрнүүлж байна. Сургалт явуулж, нэвтрүүлэг ч хийж үзэж байна. Энэ бүхэн маань тодорхой хэмжээгээр залуучуудад нөлөөлж, үр дүн гарч байгаа байх аа. 

 

Танд ер нь улстөрд орох сонирхол бий юу?

 

Өнөөдөр хийж байгаа зүйлээрээ дамжуулаад аль хэдийн улс төрд орчихсон гэж бодож байгаа. Заавал эрх мэдэлд хүрч байж улстөр хийдэг гэх буруу ойлголт хүмүүст байдаг. Тийм биш шүү дээ. “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн байгуулаад, улстөрчдөд нөлөөлөх гээд явж байгаа нь аль хэдийн улстөр хийгээд эхэлчихсэн гэсэн үг юм. Танайд ярилцлага өгөөд сууж байгаа нь ч улстөрийн нэг хэлбэр шүү дээ. Харин эрх мэдэл дээр очих уу? гэдэг асуултанд хариулахад надад тийм сонирхол байхгүй ээ. Магадгүй 50 нас, 60 нас хүрээд хүний бүх зүйл нь тогтоод, нэг буурь суудаг шүү дээ. Тэр үедээ энэ тухай бодвол зүгээр юм болов уу?

 

 

Улс төрчид, эрх мэдэлтнүүд ер нь буурь суусан хүмүүс л байгаа байлгүй дээ?

 

Зарим нэг хүнийг харахаар суугаагүй хүмүүс байна. Хараад байхад жаахан нас тогтчихоод орвол зүгээр юм шиг санагдсан. Гэхдээ мэдээж залуу хүмүүс улстөрд оролгүй яахав. Бололгүй яахав. Харин миний хувьд жаахан нас тогтоод, үзэл бодол нь цэгцрээд, элдэв шунал нь дарагдсан хойноо улстөрд орвол зүгээр юм болов уу л гэж бодож байна. 

 

Ярианыхаа төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байна уу?

 

Иргэдийн жагсаалыг гадны улсаас санхүүжсэн гэдэг мэдээ надад их хөгжилтэй санагдсан. Түүнээс биш уурлаад л, бид нар гаднаас санхүүжээгүй гэж бачимдсангүй. Бид нарыг хэн тоож санхүүжүүлэх вэ дээ? Тиймээс ч миний инээд хүрээд цахим хуудсандаа “Санхүүжүүлээд байгаа хүмүүс нь мөнгөө өгөөч ээ, би мөнгөө авья” гэж бичсэн. Инээд л хүрсэн дээ.

 

Баярлалаа. 

 

Ярилцсан: Н.Энхдэлгэр

sonin.mn