Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн билээ. Засгийн газрын гишүүний энэхүү хүсэлтийг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсний дараагаар  УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж,  Монгол улсын  Ерөнхийлөгчтэй  зөвшилцөх учиртай.  

Тэгвэл  Засгийн газар Х.Баттулгын хүсэлтийг ёсоор болгож,  сайдын суудлаас нь  чөлөөлөхөөр  УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад хүргүүлж,  Монгол улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржид Зөвшилцөх бичгийг  хүргүүлээд байгаа билээ.  

Үүнтэй холбоотойгоор өчигдөр  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг огцоруулах эсэхийг хэлэлцлээ.   Хэлэлцүүлэгт  УИХ-ын 30 гаруй гишүүн оролцсон байгаа.  Энэ үеэр  УИХ-ын гишүүдийн хэлж байгаа  үг  хэлж байсан бөгөөд огцрох хэрэгтэй, хариуцлага тооцуулах хэрэгтэй гэх үгсийг  чулуудаж байлаа.  Ингээд  Х.Баттулгыг сайдаасаа чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байсныг  хүргэе.  

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр : АН-ын фракциудын зөрчилд ялагдаад ажлаа өгч байгаа юмуу? Хаана байна нөгөө Төмөр зам, Аж үйлдвэрийн парк? Одоо хэнтэй хариуцлага тооцох юм бэ?

УИХ-ын гишүүн  С.Бямбацогт: Н.Алтанхуяг, Х.Баттулга нар мал хээлтүүлээд, хариулаад явж байсан юм шиг өөрсдөө хийсэн юм шиг баахан дайрсан. Малчид руу чиглсэн олон төсөл хөтөлбөр зогсчихсон байна. Одоо ингээд огцрох хүсэлтээ өгч байна. Малчдын талаар МАН ихээхэн санаачлагатай ажиллаж байгаа үүнийг дэмжих үү? Дэмжиж цаашид ажиллах уу?

УИХ-ын гишүүн  Б.Бат-Эрдэнэ: Түрүү жил 1500 гарлаа гээд намайг хэлж байхад эмзэглээд байсан чинь одоо 1819 хүрээд явж байна. Яагаад анхаарахгүй байнаа?
Өр бонд зээлээр та нар улс орныг авч явж байна. Та нар минь ийм байдалтай л яваад байх юмуу? Баян тансаг амьдралтай АН-ын та нарт энэ эдийн засаг доройтох ядуу иргэдийн хоолтой хоолгүй байх хамаагүй нөлөөлөхгүй байх шиг байна.
Малчин түмний хөдөлмөрөөр хэдий болтол хийсэн ажил гэж хэлж ярих вэ? Байгаль орчноо хамгаалж ирсэн малчин түмний гавъяагаар өвөл нь өвөл шиг зун нь зун шиг болдог болсон. Монгол мал хөтөлбөр, Атар III гээд малчин тариаланчдад чиглсэн хамаг ажил 2012 оноос хойш зогссон биздээ.

УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж : Х.Баттулгатай 3.6 жил нэг засагт хамт байж үзсээн. АН засгаас гарсны дараа "төмөр замын нууц гэрээ"-г олж байлаа. Сая үнэнээ хэллээ. Олон улс оронтой гэрээ байгуулсан юм. Солонгосын саяны живдэг усан онгоцны жолооч шиг багаа хаяад зугтааж байна. Ийм л сайдтай 6 жил Монгол улс зууралдлаа.
Улсаас 1 ч төгрөг авалгүй төмөр зам барьчих байтал энэ сайд зогсоож байлаа.
Монгол оронд мөн ч их муу юм хийсэндээ чи! Т.Бадамжунайгийн үед гадаадруу үр тариагаа экспортлох хэмжээний улс орон болсныг чи 2 жилийн дотор бүх гурилаа гадаадаас авдаг болтол нь дордуулсан юм.
Засгаас гарч байгаад баяр хүргэе. Ийм юмнаасаа салж байгаад баяр хүргэж байна. Чөлөөлөгдөх саналыг нь дэмжиж байна. Хөдөө аж ахуйн биржийг Т.Бадамжунай санаачилж байсан юм. Одоо түүгээр нь шоудаад явж байна.
Энэ этгээдийн бузар булай бүхнийг ард түмэнд мэдүүлж байж уг нь огцруулах байсан юм.

 

УИХ-ын гишүүн   Ц.Дашдорж : Олон жил аж үйлдвэрийн парк гэж ярьлаа. Боловсруулах үйлдвэр улс оронд хэрэгтэй. 19 жилийн дараа төрд 50% ийг нь өгчих хувийн хэвшлийнхэн эхлүүлж байсан төмөр замын ажлыг зогсоосон. 2013 онд ашиглалтад орчих байсан төмөр замыг одоо Ерөнхий сайд 2015 онд ашиглалтанд орууна гэж яриад байна. Энэ ч худлаа. Мөнгөгүй байж яаж та нар төмөр зам барих гээд байгаа юм бэ?
Төрийн залгамж гэж байхгүй болсон. Одоо концессруугаа явах ёстой. Ингээд эхэлсэн цэгтээ буцаад ирлээ.

 

УИХ-ын гишүүн   Д.Сумъяабазар : Өнөөдөр зөвхөн Х.Баттулга сайдтай холбоотой асуудал яригдаад байна гэж бодож болохгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль болон, хариуцлагагүй сайд нарыг хариуцлагатай болгох гэж ийм үйлдэл хийж байгаа гэж ойлгож байна.
Өнөөдөр $ 1818 гэсэн ханшин дээр явж байна. Долларыг 1384 гэж төсөөлж төсөвт тусгасан сайд нарт хариуцлага тооцохгүй юмуу? Үүнийг л хариуцлагатай болгоё гэж байгаа юм бишүү! Энэ засаг төр ард түмний амьдралыг самарч дууслаа. Энэ улс эх орон сүйрлээ. Хөдөөгийн малчдаа яаж дэмжих гээд байгаа юм? Баялаг бүтээгчдээ яаж дэмжих гээд байгаа юм? Дампуу засаг ийм л байна.

УИХ-ын гишүүн   Ж.Энхбаяр : Энэ Х.Баттулга сайдыг огцруулж чөлөөлж болохгүйээ! Сайншандын аж үйлдвэрийн парк, төмөр зам гэж сайхан сайхан юм ярьсаар байгаад 2012 оны сонгуульд ялсан.
Одоо хариуцлага тооцож нэхэх гэхээр зугтааж байна. Улс эх орныг яаж самарч дампууруулж байна? Зөвхөн өр. Өөрөө өөрийгөө аваад явчихдаг байсан улсыг та нар юу болгож орхив.
Засгийн газар зөвхөн PR дээр тогтож байна. Тархи угаагаад л амиа зогоож байна. Эмний үнэ яасан их нэмэгдэж байна. Ард түмэн маань яаж амьдрах юм бэ?
Өнөөдөр хүн байцаагдаж байгаад үхэж байна. Хаана байна тэр хүний эрх? 
Улс орноо бодох цаг болсон юм бишүү? Хэзээ бодох юм бэ?

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, М.Зоригт нар "Сайд Х.Баттулгын хувьд салбар хариуцсан хугацаандаа хийсэн бодитой ажлууд бий. Чөлөөлөгдөх хүсэлтээ мэдүүлсэн нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний алба давхар хашиж болохгүй гэсэн өөрийнх нь итгэл үнэмшилтэй холбоотой. Үүнийгээ ч өөрөө хангалттай тайлбарласан. Тиймээс хийсэн ажлыг нь үнэлэх ёстой" 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сайд Х.Баттулга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь Монгол төрийг ухаалаг болгох үзэл бодолтой нь холбоотой. Өнөөдрийг хүртэл Монголын төрд түүн шиг сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдье гэж хүсэлтээ гаргасан хэн байгаа юм" энэ мэтээр  УИХ-ын гишүүд  Х.Баттулгыг чөлөөлөгдөх асуудал өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ түүнийг  ажлаас нь чөлөөлөхийг бөөндөө дэмжлээ.

Өнөөдөр  түүнийг чөлөөлөх эсэхийг  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.  Чуулганы эхэнд  Х.Тэмүүжин гишүүнийг  огцоруулах асуудлыг хэлэлцсний дараа  Х.Баттулгын асуудлыг хэлэлцэх юм бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа