- ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 2.5-3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ШААРДЛАГАТАЙ -

Ерөнхийлөгчийн Эрүүл мэндспортнийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай ярилцлаа.


-Та Сайдын албан тушаалаасаа буугаад нэлээд хугацаа өнгөрлөөӨнгөрсөн хугацаанд мэс заслын ажлаа үргэлжлүүлж байсан бол одоо Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллаж байнаЕрөнхийлөгчийн зүгээс эрүүл мэндийн салбарт ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ?

-Сайдын ажлаа өгснөөс хойш түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж байна. Одоо ч шаардлагатай иргэдэд үзлэг хийгээд, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Ерөнхийлөгчийн хувьд боловсрол, эрүүл мэнд улс орны гол суурийг тавьж байдаг салбар гэж үзэн энэ салбаруудад онцгой анхаарал хандуулж байна. Эрүүл мэнд талаасаа өнөөгийн байдлыг авч үзвэл хэтэрхий тусламж үйлчилгээ рүү чиглэсэн бодлогуудыг авч хэрэгжүүлж байна. санхүүжилт болон бусад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд маань илүү их эмнэлгийн тусламж үйлчилгээ рүү чиглэгдсэн. бидний зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол “Эрүүл монгол хүн”-ийг хэрхэн бий болгох, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарсан бодлого барьж ажиллана. “Эрүүл монгол хүн”-ийг ярихын тулд нэгдүгээрт, хүнсний асуудлыг ярих ёстой. Эрүүл хүнсэнд анхаарал хандуулж байна. хоёрдугаарт, эрүүл орчин. Эрүүл орчин гэхээр агаарын бохирдол, хөрсний бохирдол яригдана. Нийслэлд утаагүй түлш хэрэглэж агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан. тэгвэл цаашлаад агаарын бохирдлыг хэрхэн 100 хувь бууруулах вэ гэдэгт төвлөрч ажиллана. Эрүүл орчин бий болж байж Эрүүл монгол хүн бий болно. Эрүүл хөрс гэхээр бид нүхэн жорлонгийн асуудлыг ярьдаг. Энэ бүхэн дээр цогц бодлого хэрэгжүүлж байж тулгамдаж буй асуудлуудаа цэгцэлж чадна. гуравдугаарт, дасгал хөдөлгөөн. нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх шаардлагатай. иргэдийг биеийн тамирт сонирхолтой болгох, дасгал хөдөлгөөн тогтмол хийж таргалалт, чихрийн шижин гэх мэт өвчнөөс хамгаалахад чухал ач тустай. дөрөвдүгээрт, боловсрол олгох. бүх нийтийн боловсролыг сайжруулаад ирвэл хооллолт эрүүл орчиндоо анхаарна. дээр дурдсан дөрвөн үндсэн гол бодлого чиглэлийг баримталж бодлогуудаа боловсруулан ажиллаж байна. Одоо эрүүл мэндийн салбарын гол анхаарал тусламж үйлчилгээ рүү чиглэсэн. бид эрүүл монгол хүнийг хэрхэн бий болгох вэ гэдэг рүү чиглэсэн бодлого боловсруулж байна.

-Өнөөдөр эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болсонИнгэснээр олон давуу тал үүсч байгаа гэж харж байгааЭрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа нэн чухал асуудлыг та юу гэж хардаг вэ?

-Манай улсад хамгийн гол тулгамдаж байгаа асуудал бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш бус байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэт төвлөрөл. Үүнийг бид зөв болгож чадвал тусламж үйлчилгээ маань дэлхийн түвшинд хүрэх боломж бүрдэнэ. Нөгөө талаараа эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн асуудал хөндөгдөнө. Бид эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг сууриар нь өөрчлөхгүйгээр хамгийн их шүүмж хүртдэг харилцаа хандлага сайжрах, тусламж үйлчилгээ сайжрах талаар ярих боломжгүй. Ар гэрийнхээ асуудалд санаа зовж байгаа хүн эмнэлэгт ирж үйлчлүүлж байгаа хүнд 100 хувь сэтгэлээ гаргах боломжгүй. Ард нь санаа зовох их зүйл байна шүү дээ. Цалин нэмэх асуудлыг л дан ганц яриад байх нь зөв биш. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо өөрчлөгдчихлөө. Гүйцэтгэлээр санхүүждэг болчихлоо. Хэн сайн ажиллана, тэр өндөр цалин авах боломж бүрдсэн. Гэхдээ өнөөдөр гүйцэтгэлээр санхүүжиж байгаа ч үнэлэмж үнэлгээ гэдэг зүйл маш доогуур. Эмч, сувилагч өвчтөнд нэг булчин тариа хийхэд 100 төгрөгөөр үнэлж байна. Нэг цаг мэс засал хийж зогсоход минут нь 200 төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ үнэлэмжийг нэмэгдүүлэх ёстой. Манай улс энэ үнэлэмжийг дэлхийн түвшнээс хэд дахин доогуур үнэлж явдаг. Яагаад доогуур үнэлэгдэж байна гэхээр эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байгаа санхүүжилтээс шалтгаалж байгаа юм. Эрүүл мэндийн салбарт хэдэн төгрөгийн санхүүжилт байх нь өдийг хүртэл тодорхойгүй явлаа. Харин одоо гүйцэтгэлийн санхүүжилт рүү орсноороо энэ хэмжээг тодорхой болгож чадсан. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт 2016 оныг бодвол хоёр дахин нэмэгдэж 1.2 их наяд болсон. Гэтэл одоо санхүүжилтийн тогтолцоогоо өөрчлөөд харахаар эрүүл мэндийн салбарт 2.5-3 их наяд төгрөг шаардлагатай. Энэ санхүүжилтийг шийдэхгүйгээр эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэлт урагшлахад маш түвэгтэй. Үе шаттайгаар санхүүжилтийг нэмэгдүүлэхгүй бол улсын төсвийн 10 гаруй хувийг эзэлж байгаа юм. Шаардлагатай байгаа санхүүжилтийг тавьж өгөхгүй бол өнөөдрийн хамгийн их тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэхгүй. Гүйцэтгэлийн санхүүжилт рүү хичнээн орлоо ч гэсэн. үнэлэмжийг нь бодитой олон улсын түвшинд ойртуулж өгөх ёстой. Ингэснээрээ олон давуу талыг бий болгоно. Өнгөрсөн хугацаанд нэмэгдэж ирсэн ч тусламж үйлчилгээ, харилцаа хандлага дээр ямар өөрчлөлт гарав аа. Гүйцэтгэлтэйгээ уялдаад ирэхээр улсын эмнэлэгт ажиллаж байгаа ажилчид харилцаа хандлагаа сайжруулаад үйлчлүүлэгч нь сэтгэл ханамжтай гараад илүү цалин авах боломж нь бүрдэж байна. Дан ганц цалин нэмнэ гэдэг асуудал чинь өрөөсгөл. Автоматаар цалин нэмлээ гэхэд тусламж үйлчилгээ, харилцаа хандлага яаж сайжрах юм. Эрүүл мэндийн салбарт тавигдаж байгаа санхүүжилтийг гүйцэтгэлтэйгээ уялдуулж, санхүүжилтээ олгохдоо өнөөдрийн эмч, сувилагч, асрагч нарын бодит үнэлэмжийг нэмэгдүүлэх ёстой. Автоматаар цалин нэмэхээр сөрөг үр дагавар ихтэй. Юмны үнэ өсөхөөс эхлээд л. Үнэлэмжийг нь сайжруулж салбарын санхүүжилт нэмэгдэж байгаа тохиолдолд үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэл хамаагүй бага. Олон улсын жишгээр хамгийн багадаа ДНБ-ий таван хувьтай тэнцэх зардлыг эрүүл мэндийн салбартаа төсөвлөдөг. Манайд нэмэгдсэн хэмжээ нь дөнгөж гурван хувьд хүрч байна. Бид таван хувь руу ойртуулж байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ мэдэгдэхүйц сайжирна.

-Ковидын тархалтын талаар ярилцлагаа үргэлжлүүльеЕр нь анх Монголд ковидыг алдахгүй байх боломж байсан уу?

-Коронавирусийн халдварыг дотооддоо алдах эсэх нь цаг хугацааны асуудал байсан. Манайд халдвар тархах үед дэлхийн бүх улсад ковидын халдвар тархчихсан. Тэр дундаа бүх л улсад ковидын халдвар өнгөрөгч оны арваннэгдүгээр сард эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Тиймээс манай улс дотооддоо халдварыг алдахгүй байх боломж асар бага байсан. Ялангуяа манай хойд хөрш Орост халдварын тархалт маш эрчимтэй нэмэгдсэн. Тэр утгаараа ковидын халдвар дотоодод тархах үндэс суурь тэндээс эхлэлтэй. Бид халдвар хамгааллын дэглэм сайн барьж, хилээр орж ирж буй машинуудыг ариутгаж зарим хилийн үйл ажиллагааг зогсоосон. Зайлшгүй ажиллах шаардлагатай хил гаалиа нийслэл рүү орж ирэхэд өндөр хяналт тавьж, шинжилгээнд хамруулж, тусгаарлаж байсан. Тэгсэн хэдий ч халдварын тохиолдол хойд хөршид нэмэгдсэн учраас манайд халдвар тархах нь цаг хугацааны асуудал болчихсон байсан үе.

-Ковид дотоодод алдагдахад бэлтгэлэмнэлгийн хангамж хэр байсан бэ?

-Ковидын бэлтгэлийг тодорхой түвшинд хангаж байсан. Ковид эхэлж байх үед олон улсад нөхцөл байдал хүндэрч байсан. Амны хаалт, хамгаалах нэг удаагийн хувцас, амьсгалын аппарат, тоног төхөөрөмжөөс эхлээд дутагдалд орсон байсан. Тухайн үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд хугацааны хувьд удаж байж манай улсад ирсэн. Халдварыг дотоодод тархаахгүй байх талаар нэлээд бодлогын том арга хэмжээнүүд авагдаж байсан. Хил гаалиа хаах, халдварын дэглэмээ маш сайн баримтлах, шинжилгээ авах зэрэг ажлууд өмнөх сайдын үед хийгдээд явж байсан. Халдвар тархсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, орны нөөц бололцоог хэрхэн бэлдэх талаар бүх талын арга хэмжээ авагдаад явж байсан.

-Та сайд байхдаа эхний вакцинуудыг захиалсан байдаг?

-Тийм. Тухайд үед Олон улсын Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакциныг олон улсад жигд тараах боломж гарч ирсэн. Миний бие 2020 оны долдугаар сарын 8-нд сайдын ажлаа аваад долдугаар сарын 15-н гэхэд Ковакс хөтөлбөр рүү вакцин авах хүсэлтээ илэрхийлэн шаардлагатай бичиг баримтыг цаг алдалгүй бүрдүүлж явуулж байсан. Ингэснээрээ вакциныхаа захиалга өгсөн улс орнуудаас эхний эгнээнд багтаж чадсан юм. Манай улсад хамгийн эхэнд нэгдүгээрт Энэтхэг улсаас вакцин, ковакс хөтөлбөрөөс орж ирсэн. Вакцин авахад ямар нэгэн хугацаа алдаагүй. Дэлхийн бусад бүх орнуудаас эхний ээлжинд вакциныг авч ард иргэдээ хамруулж чадсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хамгийн эхний вакциныг улс орнууд 12 дугаар сарын сүүлчээр хийж эхэлсэн. Тэгэхэд бид сар гаруйн дараагаас буюу хоёрдугаар сараас вакцинжуулалтаа эхлүүлсэн.

-Бүүстур тунг иргэддээ хийгээд эхэллээГурав дахь давлагаа манайд эхлэх гэж буй талаар Эрүүл мэндийн яамнаас анхааруулаад байгааОдоо бид яг ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Цар тахлын үед халдвар авах эрсдэл, халдвар авсан тохиолдолд гарах хүндрэлийг багасгах хамгийн найдвартай арга вакцин болчихоод байна. Одоогийн Засгийн газар вакцин дээр их сайн анхаарал хандуулж, вакцинжуулах арга хэмжээг авч чадсанаар олон улсад вакцинжуулалтаараа нэлээд өндөр түвшинд явж байгаа биз дээ. Гурав дахь тунг авах ёстой эсэхийг судалгаанаас үндэслэж хийх ёстой. Олон улсад гурав дахь нь нэлээд өндөр үр дүн өгч байна гэдэг судалгаануудаар харагдаж байна. Ихэнх улсууд гурав дахь тунг эхэлчихээд явж байна. Ковид хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй. Өмнө нь судалгаануудаар 2021 он, 2022 он гэхэд зогсоно гэж байсан. Гэтэл одоо хэзээ зогсох нь тодорхойгүй болоод байна. Тархалтын хурд нэмэгдэж байна, заримд нь буурч байна. Таамагласан, хийгдсэн судалгааны дагуу явахгүй байна. Мутаци болж байна, хэлбэрээ өөрчилж байна. Хэдий хүртэл үргэлжлэхийг тодорхойлох боломжгүй байгаа учраас аль болох ковидтой дасан зохицож хэвийн амьдрал руугаа шилжих хэрэгтэй. Тэгэхээр ковидтой зэрэгцэж шинэ амьдралын хэв маяг руу илүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Манай улсын үзүүлж байгаа эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээг сайнгүй гэдгийг иргэд мэддэг. Мэдээж богино хугацаанд сайжруулах зайлшгүй шаардлага бий. Манай улсад орны тоо хүрэлцээ төдийлөн муу биш. Зөв зохион байгуулалт, зөв менежмэнт хийх нь туйлын чухал. Орны тоог нэмэх ёстой юу, эсвэл хөнгөн, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй өвчтөнүүдийг зөв зохион байгуулалтад оруулах уу гэдгээ бодох ёстой. Өвчтөнийг хүндэрч байгаа эсэхийг байнгын шалгадаг тогтолцоог бүрдүүлж чадвал орны хүрэлцээ төдийлөн бага биш. Нэг хэсэг ор хүрэлцэхгүй болж өвчтөнүүд гэрээр эмчлүүлж, гэрийн нас баралтууд гараад эхэлсэн. Энэ тал дээр зөв менежмэнт хийх ёстой. Гэрээр эмчлүүлж байгаа хүнийг хөнгөн байна уу, хүнд байна уу гэдгийг хянадаг тогтолцоо сайн бүрдэхгүй байна. Өвчтөнүүдээ гэрээр нь хянаад байх уу, техникийнхээ хөгжлийг ашиглах уу гэдгээ тооцоолох ёстой. Хүчилтөрөгчийн хангамж дээрээ үндэслэж цээжинд, уушгинд ямар өөрчлөлт гарч байгааг хянадаг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Ковид тусаад хүндэрч байгаа хүн хаана очиж цээжний зургаа авахуулах вэ гэдэг тодорхойгүй. Энэ нь иргэдэд хүндрэл учруулаад буцаагаад эрүүл мэндийн салбартаа орны дарамтыг үүсгээд байгаа юм. Энэ мэт тодорхойгүй байдлаас шалтгаалж иргэд эмнэлэгт хэвтэхийг хүсээд байна. Тийм учраас хөнгөн өвдсөн хүмүүс эмнэлэгт хэвтээд байна. Нийт эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 30, 40 хувь нь хөнгөн өвдсөн хүмүүс байна. Амьжиргааны түвшин доогуур иргэд гэрээр эм худалдаж авч байгаа. Эмнэлэгт хэвтвэл даатгалаараа эмчилгээгээ хийлгэж байгаа учраас буцаад хүмүүсийн эмнэлэгт хэвтэх шалтгаан энэ болоод байгаа юм. 10000 ковидын тохиолдол байлаа гэхэд зөв менежмэнттэй хэвтүүлж чадвал 4000 сул ор бидэнд гарна. Орны хомсдолд орохгүй байх боломж бий. Эрүүл мэндийн салбар нь хөгжчихсөн улс орон ковидын үед ор нь хүрэлцэхгүй маш хүнд нөхцөл байдалд орж байсан. Манай улс асар хүнд байдал руу орчихгүй байгаа нь салбарынхны маань хичээл зүтгэл, зөв бодлого явж байгааг харуулж байна.

-Таныг яагаад Сайдаас буулгасан юмУлстөр байв уу?

-Миний сайдын албан тушаалаас буух шалтгаан тодорхой байсан биз дээ. Тухайн үед манай улсад ковидын дотоодын халдвар өдөрт маш бага хэмжээнд бүртгэгдэж байсан. Намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаанд өдөрт 50-иас дээш тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Тухайн үед халдварын тархалтыг хяналтдаа бүрэн авч ажиллаж чадаж байлаа. Яг ийм цаг үетэй давхцаад жагсаал цуглаан зохион байгуулагдана гэдэг чинь маш том эрсдэлийг дагуулж байгаа юм. Бид хяналтыг гартаа байлгаж чадаж байгаа зүйлийг бөөгнөрөл, жагсаал цуглаанаас болоод халдварыг алдвал олон хүний эрүүл мэндийн асуудал яригдана. Бидний гол зорилго тархалтыг цааш нь алдахгүй байх байсан. Тиймээс өргөдлөө өгөөд Эрүүл мэндийн сайдаас буусан минь зөв шийдвэр байсан гэж үзэж байгаа. Үүний хүчинд халдварын тархалт огцом өсөлт гараагүй. Хэрвээ жагсаал цуглаан хэд хоног үргэлжилсэн бол халдварын тархалт илүү өндөр түвшинд гарах эрсдэл их байсан. Эрүүл мэндийн сайдаар ковидын үед ажиллаж байсан учраас тодорхой хэмжээний туршлага цуглуулсан. Одоо шаардлагатай чиглэлүүд дээр зөвлөгөө чиглэл өгч ажиллаж байна.