--- Уурхайн гүнд үйлдвэрийн осол болж, хүний амь эрсэджээ ---

Т.АМАРТҮВШИН

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан Цахируулын алтны үндсэн ордод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа “Наран Мандал Энтерпрайзес” ХХК-ийн уурхайд энэ оны долдугаар сарын сүүлээр осол болж, нэг хүн амиа алдсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, уурхайн гүнд нуранга үүсэхээс сэргийлэх байгууламжийн ажил гүйцэтгэж байсан 20 гаруй настай залуу шороонд даруулж, амиа алдсан. Болсон явдлын талаар “Наран Мандал Энтерпрайзес” ХХК-ийн зүгээс “Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалт үргэлжилж байна. Шалгалтын дүгнэлт гарсны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой” гэдгээс өөр тайлбар өгөхөөс татгалзаж ирсэн юм. Харин Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан “Наран Мандал Энтерпрайзес компанийн ослын шалтгааныг тогтоохоор цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байгаа.

Урьдчилсан байдлаар бол талийгаач нь албан үүргээ гүйцэтгэж яваад чулуунд даруулж нас барсан гэдэг дүгнэлттэй байгаа. Үйлдвэрийн осол болсон учраас хуулийн байгууллага шалгаж, арга хэмжээ авах ёстой” гэв. “ Наран Мандал Энтерпрайзес” ХХКийн уурхайд явуулж буй хяналт шалгалтын талаар Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржоос тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын актыг баталгаажуулсан. 

Шинжээч ослын газар ажиллаж байна. Осол болсонтой холбоотойгоор далд уурхайн үйл ажиллагааг 20 гаруй хоног зогсоож, акт тавьсан. Тус уурхайд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Геологийн хяналтын улсын байцаагч нар шалгалт явуулж, уурхай зөрчлөө арилгасан учраас үйл ажиллагааг сэргээсэн” гэдэг мэдээллийг өглөө. Осол болсноос хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрсөн ч албаныхан “Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна” гэдэг тайлбарыг ийнхүү өгөв. Харин уурхайд хүний амь эрсэдсэн атал үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй ажээ.

“Дархан эрх”-тэй энэ компанийн тухай судалж үзвэл, уурхайд болсон дээрх үйлдвэрийн осол нь анх удаагийн тохиолдол биш юм. Өмнө нь хэдэнтэй осол болж, тухайн уурхайд ажиллаж байсан албан хаагчид эрүүл мэндээрээ хүнд хохирч байжээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 24- ны өдөр тус уурхайд осол гарч, гурван ажилтан хүнд гэмтсэн юм. Уурхайд тэсэлгээний бодис дэлбэрч, агуулахад ажиллаж байсан таван ажилтны гурав нь гэмтэж, дэлбэрэлтийн улмаас тэсэлгээний инженер 28 настай Г, тэсэлгээчин 44 настай Г болон 22 настай Д нар хүнд гэмтсэн байдаг. Тухайн үед дээрх иргэдийг нийслэл хотод авчирсан ба гурван иргэний нэгнийх нь нүдний алим хагарч, гар хугарсан, хуруу тайрагдсан гэдэг мэдээллийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн холбогдох мэргэжилтэн өгч байлаа. Түүнчлэн 2018 онд тус уурхайд цианит алдагдсаны улмаас ажилчид нь хордож байсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас дээрх осол гарсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байдаг.

Ийнхүү “Наран мандал” компанийн уурхайд жил бүр осол болж, амь нас, эрүүл мэндээрээ олон хүн хохирчээ. Тус компанийн танилцуулгад дурдсанаар, Цагаан цахир уурхай нь олборлолт явуулж буй өндөр алтны агуулгатай, кварцын судлын алтны үндсэн орд аж. 

Уурхай нь уусган баяжуулах технологи ашиглах зөвшөөрөл авснаар Монгол Улсад цианитаар уусган баяжуулах эрхтэй гурван компаний нэг болжээ. Иймээс хүн, малын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан тухай ч баримт байгаа юм. Уурхайн гүнд ажиллаж буй залуус уушгины өвчтэй, бронхиттой болдог байна. “Тус уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлж, айлууд хонь төхөөрөхөд элэг нь харлаж, уушги нь хар цоохор болсон байдаг нь цианиттай холбоотой” гэх мэдээллийг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчдын төлөөлөл өгч буй. Уурхай үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нутгийн иргэд, малчид эсэргүүцэж ирсэн ч тоолгүй иржээ.

 Ажилчид нь үйлдвэрийн осолд орж эрүүл мэндээрээ хохирч, мөн уурхайн олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор хүн, малын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буйг мэргэжлийн байгууллага тогтоосон ч дорвитой арга хэмжээ авч ирээгүй байна.Учир нь ардаа төрийн өндөр албан тушаалтны “хамгаалалтад” байдаг гэх мэдээлэл бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан “Молекул” Батж.Батбаярын хүү Б.Батулга тус уурхайн тодорхой хувийг эзэмшдэг гэх. Албан ёсны бүртгэлд дурдсанаар Сингапур улсад бүртгэлтэй Прожект Кинг Пи Ти И (Project King Pte) компани 100 хувь эзэмшдэг ажээ. Тус компани өмнө нь “Спейшл Майнз” нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 2018 онд нэрээ өөрчилж, “Наран Мандал Энтерпрайзес” болгожээ. Аймаг орон нутгийн захиргааны байгууллага хүчгүйдэж, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллага энэ компанийн үйл ажиллагаанд хяналт тавихаа больсон байна. Байгаль орчин, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажилладаггүй дээрх уул уурхайн компанид хариуцлага тооцох шаардлага үүсээд байна. Хүний амь нас, эрүүл мэндээр “тоглосон” “Наран мандал Энтерпрайзес” компанид хэн хариуцлага тооцох вэ?

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН