Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:19 цагт гарч, 6 км зам туулан 05:25 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн С /25 настай, эрэгтэй/-гийн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, Х /3 сартай, эрэгтэй/-гийн нүүр, гарын хэсэг түлэгдэж гэмтэн, иргэн Х /23 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан.

Тиймээс иргэд:

1. Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

2. Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

3. Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

4. Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

5. Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх

6. Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

7. Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.