УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат Жүжигчин С.Жавхлантай товч ярилцлаа.

Таны "Монголоо аврая" улс төрийн суулт эхлээд хэд хоног өнгөрлөө. Ард иргэд хир их ирж байна, тэд юу гэж байх юм?

 

Эх орондоо санаа зовж, гомдож цөхөрсөн хүмүүс их ирж байна. Амьдрал маш хүнд байгаагаа хэлж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг голынхоо эхийг цэвэрлэхгүй бол ужгирсан зүйл арилахгүй гэдгийг надтай ирж уулзаж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь хэлж байгаа. 

 

Өнгөрсөн Баасан гарагт Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Дарга С.Амарсайханы хувийн "Зайсан хилл" гэдэг газарт урлагийн тоглолт боллоо. Ер нь Улсын Онцгой Комиссын даргынх нь хувийн баар хэрэгжүүлэхгүй байгаа дүрэм, журмыг бусад аж ахуйн нэгж, иргэд хэрэгжүүлэх гээд байх хэрэг байна уу? ч гэсэн яриа иргэдийн дунд гарах боллоо?

 

Эдгээр хүмүүсийн сэтгэлийн илрэл нь л харагдаж байгаа юм. Ямар ч эрээ цээргүй, ичиж зовох зүйлгүй болчихож. Ингэж болдог юм байна гэж аархаж байна. Гол нь бид өөрсдөө орой дээрээ гаргаад давраачихаж. Гэтэл Өмнөд Солонгос яадаг билээ? Япон улсад ямар байдаг билээ? Жижигхэн алдаа гаргахад л дарга нарыгаа албан тушаалаас нь буулгадаг шүү дээ. Таксинд суугаад төлбөрөө улсын мөнгөөр хийхэд л тэр сайд огцорч байна.

 

 

 

Гэтэл бид энэ хүмүүсийг цар тахал, хүний үхлээр тоглотол нь давраасан байна. Энэ дарга нар огцорч, УИХ тарсны дараа гарч ирэх дарга нарт нэг жижиг сэжүүр гарах юм бол цаг хором алдахгүй шууд буулгадаг жишиг тогтоох ёстой.

 

 

 

Ингэж  байж эх орон, улстөр цэвэршинэ. 30 жилийн турш бидний толгой дээрээс бааж шээнэ гэж юу байдаг юм бэ? Одоо эдний цаг нь дууссан. Монголын үнэртэй салхи гэж байдгаас МАН-ын салхи гэж байдаггүй юм аа. Энэ хүмүүсийг цаг алдалгүй, маш хурдан буулгах ёстой. 

 

Монгол Улсад коронавирусын цар тахал дэгдээд хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр ч Засгийн Газар, хоёр Улсын Онцгой комисс ажиллаа. Хоёр жилийн туршид коронавирусын дэгдэлттэй холбоотой Засгийн Газрын авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг та юу гэж дүгнэж байна?

 

Хүнд хэрэгтэй шийдвэр огт гаргаагүй. Мод тарилаа. Хөшөө барьж нураалаа. 5 тэрбумын дронтой шоу хийлээ. Нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа нь л тэр. Бусад нь дандаа загварын, хүмүүст таалагдах гэсэн ивээсний үг хэллэг хэрэглэсэн, гадаадад тэртээ тэргүй үхдэг юм чинь, үхэж байгаа юм чинь энд үхэлгүй яадаг юм, дэлхий нийтээр байгаа цар тахалтай л байна гэдэг зүйлийг сурталчилж байна. Гэтэл үнэндээ Европ, Азийн зарим орнууд энгийн байдал руу шилжиж эхэлчихлээ. С.Жавхлангаар энэ талаар яриулж байхын оронд эдгээр улсуудын туршлагаас судлах ажил огтхон ч хийсэнгүй. Худлаа хөөсөрсөн шийдвэр гаргаж түмэн олныг маш ихээр хохироолоо. Ямбалж суух биш үүнийхээ хариуцлага, ял зэмийг энэ хүмүүс амсах ёстой. Эдгээр хүмүүст маш хатуу хариуцлага тооцох ёстой. Тийм учраас бид энд сууж байна. 

 

Та Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг мэтгэлцээнд дуудсан. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ таньтай мэтгэлцэхээр ирвэл хамгийн түрүүнд асуухыг хүсэж байгаа асуулт тань юу вэ?

 

Яагаад хорь, гучин мянган хүн цуглуулсан шоу хийж Монголчуудыг хорлож байгаа юм? чи. Ер нь асуух асуулт маш их байна. Зөвхөн би биш, түмэн олон ч асууя гэж байна. Гарч ирэх ямар ч нүүргүй болсон тэр хүн уучлалт гуйгаад, огцроод энэ төрөөс зайлаад өгөх хэрэгтэй. Энэ чигээрээ явбал Монгол улам доройтно. Эд нарыг байхгүй байсан ч Монгол улс цаашаа амьдарна. Нар манддагаараа мандана. Эд нараас өөр зөв зүйлд уриалаад, Монголоо аваад явах сайн залуучууд зөндөө бий. Эдэн шиг мөсөн сэтгэлтэй биш, гал халуун зүрх сэтгэлтэй, мэргэжилдээ үнэнч, эх орондоо хайртай, элгэн саднаа гэсэн мянга мянган эрдэмтэн, мэргэд, залуучууд байгаа. Л.Оюун-Эрдэнэ үүнийг уншиж байгаа бол гараад ир. УИХ-ын эрхэм дарга Г.Занданшатараа, УИХ-ын гишүүдээ та бүхэн гарч ирээд өргөн олныхоо өмнө уучлалт өршөөлөө хүсээд, гэм зэмээ хүртээд, үг дуугүй огцор, тар. 

 

УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг, Х.Булгантуяа нарын санаачилсан Хөрөнгө Оруулалтын тухай хуулинд 50,000 ам.доллартай гадаадын иргэнд Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөл олгох тухай заалт байсан нь нийгмийн сүлжээнд иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Энэ талаар таны байр суурь?

 

Энэ бол эх орондоо элэг сэтгэлгүй хүмүүсийг толгой дээрээ залсны жишээ. Хошного долоочих шахаад л, гэрийн үүд шүүрдэж, тоос шороо арчиж өгөх шахаад, алтан гургалдай шиг амлалт өгөөд гарч ирдэг. Маргаашнаас нь эхлээд ард олны эсрэг шийдвэр гаргадаг ийм хүмүүсийг бид орой дээрээ залаад байна. Ингэж болохгүй ээ. Энэ УИХ  ямар ч чадамжгүй. Өнгөрсөн хоёр жилийн цар тахалтай тулгарсан хугацаанд иргэдийнхээ талд зогссон нэг ч шийдвэр гаргаагүй. Энэ их зовлон зүдгүүрийг шийдвэрлэх талаар огт ярьсангүй. Шуурхай хуралдаж чадсангүй. Тэр бүү хэл мэнэрчихсэн даргатай байна. 

 

МАН МАХН-ыг өөртөө нэгтгэж, хэт том улс төрийн хүчин болчихлоо. АН гэтэл хоёр хуваагдчихлаа. Танд улс төрийн нам байгуулах бодол байна уу?

 

Монголд одоо нам ямар ч хэрэггүй. Хэрэв нам байх шаардлагатай бол “Монгол” гэж ганц нам л байх ёстой. Өнөөдрийн үүссэн талцал хуваагдал ерөөсөө намуудаас л болж байгаа. Тийм байж өөрсдийгөө гэрийн хоёр багана гэчихжээ. Үгүй шүү.

 

 

Монгол түмэн галгүй байна. Галгүй баганаар яах юм? Тооногүй, түшдэггүй баганаар яах юм бэ? Гэрээ нураагаад, эсгийгээ эвхэж аваачаад зарчихаад хоёр ёдгор баганаар яах юм? Гэрийн эзэд нь үхэж үрэгдээд байхад хоосон хоёр баганаар яах юм бэ? Одоо МАН, АН-ыг болих хэрэгтэй.

 

 

Миний хувьд энэ нийгмийн өвчлөл, юу болоод байгааг таних гэсэн, яавал засаж болох вэ? гэсэн үүднээс нэг талаас сонжоо, нөгөө талаас судалгаа хийж, дотор нь орж гараад, судлаад явлаа. Тэгээд энэ хүмүүсийг бүтэхгүй, хэрүүл уруултай юм байна гэдгийг харлаа. Өчигдөрхөн л гэхэд нэг нэгнээ хөөгөөд байгаа биз дээ. 

 

Ярианыхаа төгсгөлд Монголчуудад хандаж юу гэж хэлж, уриалмаар байна?

 

Түмэн олон минь гараад ир. Монголд зөв, сайн цаг ирэх ёстой. Монголоо үнэн болгоё. Монголоо үнэн, сайхан болгож авья.

 

 

Танд баярлалаа.

 

Ярилцсан: М.Чойжал

sonin.mn