Улс орны эдийн засгийг 100 хоногийн дотор сэргээн эрчимжүүлнэ гэсэн мэдээлэл сүүлийн үед нийгэмд зонхилоод байсан хар бараан зүйлсийг бодвол, харанхуйд цахилгаан цахих мэт, чихэнд чимэгтэй, гялтайх ганц зүйл болов.

100 хоног буюу гуравхан сарын дотор бүхэл бүтэн хоёр жилд хийж амжаагүй ажлыг хийнэ гэдэг агуу их хүсэл тэмүүлэл, зориг зүрх гэдгээс өөр хэлэх үг олдохгүй нь!

Бага байхад Наадам, Цагаан сар, 9-р сарын 1-нийг хоног тоолон хүлээдэгсэн. Одоо яг л тийм мэдрэмж төрж байна. Балчир насны минь гэгээн дурсамжинд хөтлөн аваачсан Засгийн Газартаа баярлалаа. 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэн, гоё болгох ажлыг удирдахаар уригдсан Б.Бямбасайхан бизнесменийг би хувьдаа “шидтэн” мэт бишрэн, гүн сүсэглэсэн нүдээр патиарыг нь харж байгаа.

Эндээс ургуулан бодоход, анхнаасаа л, хоёр жилийн өмнө, “Фортуна” Н.Батбаярын оронд Б.Бямбасайханыг Эдийн засаг, хөгжлийн сайд болгочихсон бол өдийд бид “гараад өгчихсөн” байх байсан биз. Юун ингэж 100 хоног хүлээж, мөрөөдөлд умбаж хэвтэх... Ер нь, сонгуульд нэр дэвшиж байгаа намууд мөрийн хөтөлбөртэйгөө хамт Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүний төлөвлөгөөгөө, сайд нарынхаа нэрсийг сонгогч олонд танилцуулж байх нь зүйтэй мэт. Тэгвэл бид ядаж л, аль болохоор, “орон гаран” сайд багатай намд саналаа өгөх боломжтой. Хэрэв тэгж гэмээнэ, эцэст нь, хэн хэндээ амар, 100 хоногийн төлөвлөгөө энэ тэр гаргаж, удирдан хэрэгжүүлчих чадалтай хүнийг гаднаас урьж залан, сайд хэмээх “билэг тэмдгийн” төдий нөхрийг эрхлүүлэн тэжээх шаардлагагүй.

Эдийн засаг доройтон сулрахын хэрээр ард иргэдийн амьдрал хүндэрч, яавал аятайхан болчих бол хэмээн дор бүрнээ санаа зовсоор, мухар сүсэгт итгэх нь ихэссээр. Ямар сайндаа л, “мөнгө үржүүлдэг” Сарандавааг Эдийн засгийн сайд болгочих юмсан гэлцэхэв дээ... Ингэж л аргаа барж байна, ард түмэн нь!

Ямартай ч, хуанлийн хуудас эргэлдэн тасарсаар, 100 хоногоос маань 10 хоног хасагдчихаж. Хэрэгжүүлэх ёстой, 6 бүлэгт 70 ажлууд саад, тотгоргүй биелэгдээсэй хэмээн залбирах л үлдлээ!

Д.Мигаа