Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн.

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр нь ДЭМБ-аас санаачилсан дэлхийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн 11 чухал өдрийн нэг юм.

Үүнд:

  • Дэлхийн эрүүл мэндийн өдөр
  • Дэлхийн цусны донорын өдөр
  • Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног
  • Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Дэлхийн тамхигүй өдөр
  • Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Элэгний үрэвслийн эсрэг дэлхийн өдөр
  • Нянгийн талаар мэдлэг олгох дэлхийн долоо хоног
  • Өвчтөний аюулгүй байдлыг сахих дэлхийн өдөр
  • Чагас өвчний эсрэг дэлхийн өдөр зэрэг багтана.

2021 оны хувьд "Тэгш бус байдлыг зогсооё, ДОХ-ыг зогсооё" уриатайгаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлнэ.

Зөвхөн 2020 онд тус өвчнөөр 1.5 сая хүн шинээр оношлогдож, 680 мянган хүн нас барсан. Одоогоор дэлхий даяар 37.7 сая хүн ДОХ-той амьдарч байгаа ба тэдний 70 хувь нь ретровирусийн эсрэг эмчилгээг насан туршдаа хийлгэх шаардлагатай.

Монголд

Он гарснаас хойш Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 11 тохиолдол илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 322 болжээ.

Зөвхөн 2020 онд тус өвчнөөр 25 хүн оношлогдсон нь тэмбүү, трихомониаз зэрэг бусад бэлгийн замын өвчнөөс 200-300 дахин бага тоо юм.

Өнгөрсөн аравдугаар сард шинээр 5 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд байгаагүй өндөр тоо аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард 5, арваннэгдүгээр сард 4 тохиолдол илэрч байв

ХДХВ гэж юу вэ?

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь өөрийнхөө РНХ-ийн хуулбарыг нэвтэрсэн эсийнхээ ДНХ рүү оруулж тухайн эсээ генээр нь өөрчилдөг төрлийн ретровирус юм.

Өөрчлөгдсөн эс дахин ижил төрлийн ретровирусийг үржүүлэх уургийг үүсгэснээр энэ төрлийн вирусийг устгахад хэцүү болдог байна.

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болдог ба хүн өөр төрлийн өвчинд эмзэг болдог байна.

Дархлалын тогтолцоо алдагдаж халдвартай тэмцэх чадваргүй болсон тохиолдолд Дархлалын олдмол хомсдол (ДОХ) хэмээн нэрлэдэг бөгөөд энэ өвчнөөр нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа үл хамааран хэн ч халдварлах боломжтой.

Дамжих зам

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл 3 сар өнгөрдөг ба энэ хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэдэг.

Иймээс ямар нэг эрсдэлд орсон бол 3 сарын дараа дахин шинжилгээ өгөх хэрэгтэй.

 

ХДХВ/ДОХ эмчилгээ

Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд дэвшил гарч, Ретровирусийн эсрэг эм байнга шинэчлэгдэн сайжирч байгаа ч дэлхийн олон сая хүнийг хамарч буй эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байна.

Ретровирусийн эсрэг эмд дасал үүсэхээс сэргийлж эмийг цаг тухайд нь таслалгүй тогтмол ууж хэвших, эрүүл амьдралын хэв маяг (Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хооллолт) зэргээс эмчилгээ хамаарна хамаарна.

ХДХВ-ийн халдвартайг эрт мэдэх

  • Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй.
  • ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй.
  • Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ын халдвартай хүн халдвараа бусдад тараадаг.
  • ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй үүрэг хариуцлага.

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ

  • Халдвартай хүн ХДХВ-ийн халдвартайгаа эрт мэдсэнээр эмчийн хяналтад орж, эмчилгээнд эрт хамрагдан урт удаан хугацаанд амьдрах боломжтой юм.
  • Жирэмсэн эх ХДХВ-ийн халдвартайгаа мэдсэнээр “Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ”-нд хамрагдаж эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой.
  • ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг ” байх нь халдваргүй, “эерэг ” байх нь ХДХВ-ын халдвартай болохыг илэрхийлнэ.

ДОХ нь бэлгийн замаар дамжих халдвар

Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-аас ялгаатай нь ДОХ-ыг төгс эмчлэх боломжгүй.

Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдвар авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.

ХДХВ-ийн халдвар дараах тохиолдолд дамжихгүй

  • ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барихад
  • Жорлонгийн суултуураар, усан санд ороход, ханиах, найтаахад
  • Халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.

ДОХ-ын анхны тохиолдол илэрснээс хойш 40 гаруй жил өнгөрсөн ба 2030 он гэхэд энэ өвчний тархалтыг зогсооно хэмээн зорьж буй юм.