Эцэг, эхчүүд хүсэлт гаргаснаар хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа. 

Шинэчлэгдэж буй журмын дагуу хүүхдийн мөнгөө хэрхэн авах тухай хүсэлтийг хаана илэрхийлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнөөдөр хэвлэлд тайлбар өглөө.

Тэрбээр "Хүүхдийн мөнгө олгох журам шинэчлэгдэж байгаа. Төсөв нь Сангийн сайдын багцад шилжсэн ч хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлэх, зохицуулалт гаргах гэх зэрэг ажил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны чиг үүрэгт хэвээрээ бий.

Бид яг одоо журмаа боловсруулж байгаа бөгөөд Засгийн газрын дараагийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох шинэчилсэн журмаа батлахаар ажиллаж байна.

Эхний хагас жилийн тухайд эцэг, эх хүсвэл 100,000 төгрөг бүхлээр нь авч болно гэх агуулга бий. Энэ сар буюу нэгдүгээр сард хүсэлтийг хэрхэн авах шийдлүүдийг гаргаж байгаа. Тодруулбал, цахим системүүдийг ашиглана. EBarimt системийг ашиглан дансыг нь авч 300,000 төгрөг, вакцины 50,000 төгрөг олгож байсан туршлага бий. 

Иймд Ebarimt, EHalamj аппликэйшнийг хөгжүүлж байна. Мөн эдгээрийг e-Mongolia-д холбоно. 

Хэрэв гар утас, цахим хуудсаар дамжуулан хүсэлтээ илэрхийлэх боломжгүй бол Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын бүхий л хэлтсүүдээр дамжуулж хүсэлтийг авна. Аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хүүхдийн мөнгийг олгох болно" гэлээ.