АНУ-ын Бостон хотод болж байсан марафоны тэмцээний үеэр хоёр удаагийн дэлбэрэлт болж гурван хүн амиа алдан, 100 гаруй хүн шархадсан байна

. Цагдаагийнхан террорист халдлага боллоо гэж үзэж байна. Амиа алдсан гурван хүний нэг нь найман настай хүү байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Мөн 134 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 42 хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Мөн эмнэлэгт хэвтэгсдийн найм нь хүүхэд байгаа ажээ. Ерөнхийлөгч Барак Обама шуурхай мэдэгдэл хийж, одоогоор энэ халдлагын ард хэн байгааг мэдэхгүй байгаа ч яаралтай илрүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна. Бостоны агаарын орон зайг нислэгийн хаалттай бүсээр зарласан байна. Тухайн газар эмх замбараагүй байдал үүсч, нүд хальтрам дүр зурагтай байгаа ажээ. Уг хэрэг орон нутгийн цагаар өдөр 15:00 цагийн үед барианы орчим болсон байна. Түүнээс төд удалгүй Бостон дахь Кеннедигийн нэрэмжит номын санд дэлбэрэлт болжээ. Номын сангийн ажилчдын мэдэгдсэнээр тус байгууламжинд гал гарсан ч хэн нэгэн хохироогүй байна. Хотоос дахин таван тэсрэх бөмбөг олдсон гэх мэдээлэл тархаж байгаа ч Бостоны цагдаагийн газрын тэргүүн тодорхой хариу хэлээгүй байна. Дашрамд дурьдахад, Бостонгийн марафон нь дэлхийд алдартай спортын томоохон арга хэмжээнд тооцогддог юм. Жил бүр 500 мянга гаруй хүн үзэхээр ирдэг тус арга хэмжээ нь энэ онд 117 дахь удаагаа зохиогдож байсан гэнэ. Энэ жил марафонд 90 орны 28 мянган гүйлтийн тамирчин оролцжээ.