Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг мэдээлэл хийлээ.

Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүдэд чингэлэг тээврийн тээвэрлэлтийг хийх, зохион байгуулах ажлыг удирдаад ирлээ. Та бүхэнд хийсэн ажлаа товч танилцуулъя.

Ажлын хэсэг үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт, ачаа тээврийг эхлүүлэх, зохион байгуулалтыг нь сайжруулах. Хоёрдугаарт, Тээвэр зохион байгуулалттай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэх. Гуравдугаарт, Олон талт хамтын ажиллагааг удирдлагаар хангах. Ийм гурван чиг үүргийн дагуу ажиллалаа.

Замын-Үүд сумын хэмжээнд халдварыг хумих, тараахгүй байх тал дээр ажиллаж байна. Улаанбаатараас Замын-Үүд рүү зорчих иргэдэд тавих шаардлагыг тодорхой болгосон. Тусгаарлалтын арга хэмжээг авч, хилийн цэргийн албан хаагчдыг тусгаарлаж байна. Гаалийн байгууллагын хүмүүс мөн тэнд ажиллаж байгаа. Бүх зүйл хатуу хяналтын доор хийгдэж байгаа. Энэ бүхэнд хамтын ажиллагаа, хамтын ойлголцол чухал байна.

Замын-Үүд суманд тээвэр зохион байгуулалт, халдвар хамгаалалттай холбоотой ямар нэгэн асуудал одоогоор үүсээгүй байна. Цаашид ч мөн үүсгэхгүйн төлөө анхаарч ажиллана.

Тээврийн үнэ хөлс, тээвэр зуучийн хөлстэй холбоотой асуудлыг нээлттэй платформ байгуулах замаар шийднэ. Энэ асуудлаар БНХАУ-тай ярилцаж байна. Нээлттэй платформд бүртгэгдсэн карго цаашид ажиллана. Монголын хувьд ч тийм болно. Ингэснээр үнэ хаана өсөөд байгаа нь ил тод болно” гэлээ.

Шадар сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Замын-Үүдийн бүс нутгийн ложистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг, ачааны эздээс авч байсан хураамжийг Шадар сайдын тушаалаас цуцалсан. Ингэснээр ачаа бараанд нөлөөлж байсан үнэ арилсан гэж хэлж болно. Эрээн хотоос авто замаас гарч байгаа чингэлэгийн дарааллыг ил тод болгож, цахим хэлбэрт шилжүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт ачааны үнэ буурсан, цаашид ч буурах боломжтой. Энэ долоо хоногоос эхэлж чингэлэгүүдийг шат дараатай буцааж эхэлнэ" гэх мэдээллийг өглөө.