Олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.

 

Казахстанд болсон үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсан. Өнөөдөр Казахстанд нөхцөл  байдал ямар байна вэ?

 

Казахстаны Ерөнхийлөгч Токаев хэдийгээр байдал тогтворжиж байна гэж байгаа ч энэ нь нөхцөл байдлыг хэтэрхий сайнаар харж байгаа хэрэг юм. Казахстанд болсон эмх замбараагүй үйл явдал дахин давтагдана гэдэг нь тодорхой. ЗХУ задарснаас хойш 30 жилийн турш Казахстан бие даасан, тусгаар улсын байдалтай оршин тогтнолоо. Казахстан улс цаашид энэ байдлаараа байх боломжгүй гэдгийг сая 1-р сард болсон үйл явдал харуулж байна.

 

Цаашдаа байдал яагаад тогтвортой байхгүй вэ? гэдгийг тайлбарлахын тулд Казахстан улс өмнөх он жилүүдэд ямар улс байсан гэдгийг ойлгуулах шаардлагатай. Тус улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас улстөрийн байдал нь хамгийн тогтвортой, террорист халдлага, Засгийн газрын эсрэг тэмцэл болдоггүй, Дундад азийн бусад орнуудтай харьцуулахад нам гүм улс байсан. Назарбаевийн удирдлаганд ард түмэн сайхан амьдарч байна, хөгжлийн замдаа баттай орлоо гэх мэтээр зөвхөн Казахстаны телевизээр тогтохгүй ОХУ-д ч сурталчилдаг байсан. Назарбаев бол В.Путины хамгийн дотно холбоотон байсан гэж хэлж болно. Гэтэл 1-р сард болсон үйл явдал энэ сурталчилгаанууд бүгд худал, байшинтай зүйрлэвэл зөвхөн гадна хэсгээ сайхан будчихсан, дотор тал нь өмхөрчихсөн байсан гэдгийг харууллаа. Яг одоо Казахстанд хөрөнгө мөнгөний маш том дахин хувиарлалт болж байна. Тодруулбал Назарбаевийн гэрийнхний хөрөнгийг Ерөнхийлөгч Токаевийн гэр бүлийнхэнд шилжүүлэх үйл явдал болж байна. Гадаадын хэвлэлүүдэд нөхцөл байдал тогтворжлоо гэж мэдээлсний дараа сураггүй алга болоод байсан “Ард түмний эцэг” Назарбаев олдсон шүү дээ. Үймээний үеэр тэрээр ор сураггүй, амьд, үхсэн нь мэдэгдэхгүй байсан. Зарим хүмүүс түүнийг алга болчихсон, ОХУ-руу зугтсан гэж мэдээлж байсан. Ямартай ч 2 охин нь ОХУ-руу зугтсан нь тодорхой болсон. Дараа нь телевизээр Назарбаев бүх албан тушаалаа Ерөнхийлөгч Токаевт хүлээлгэж өгсөн байсан, өөрөө ямар ч эрх мэдэлгүй тэтгэврийн хөгшин учраас энэ үймээнд ямар ч хамаагүй гэж ярьсан. Гэтэл гадны зарим судлаачдын хэлж байгаагаар Назарбаевийн гэр бүлийнхний нийлбэр хөрөнгө 80 тэрбум ам.долларт хүрсэн гэж байгаа. Зарим нь 80 биш, 60 тэрбум ам.доллар гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл Казахстан шиг 20 сая хүн амтай орны улсын төсвөөс нь ч их, дотоодын нийт бүтээгдэхүүний 2/3 нь Назарбаевийн гэр бүлийнхний хяналтанд байдаг болж таарч байна.

 

2022 оны 1-р сард болсон үймээн Назарбаевийн хүргэчүүдийн шуналаас үүдэлтэй юм. 2016 оны үед Жанаозен хотод байгалийн хий олборлодог үйлдвэрийн ажилчид олон сараар цалингаа авч чадаагүйн улмаас бослого гарсан. Тухайн үед Засгийн Газрын эсрэг зэвсэгт бослого гарлаа, зэвсэглэсэн террористууд халдлага хийлээ гэх мэтээр мэдээлсэн хэдий ч дараа нь тухайн ажилчдын гарт ямар ч зэвсэг байгаагүй нь тодорхой болсон. 1-р сард ч яг ийм үйл явдал болсон. Энэхүү бослого, хөдөлгөөнийг дарах гэж оролдсон арга нь ч адилхан. Казахстаны Засгийн Газар, нийгмийн бүтэц нь Монгол улстай их адилхан. Өөрөөр хэлбэл Казахстаны Засгийн газар нь хувьцаат компанитай төстэй. Монгол улсад МАН-д 1 тэрбум төгрөг хандивлаад, УИХ-ын сонгуульд ялах боломжтой байдаг гэдгийг бид өмнөх сонгуулиудаас олж мэдсэн. Засгийн газар нь зөвхөн тэр хувьцаат компанид элсэж орсон баячуудын эрх ашгийг хамгаалдаг. Казахстан ч яг тийм. Казахстаны Засгийн газарт Назарбаевийн 3 хүргэн хамгийн их нөлөөтэй байдаг. Том охиных нь нөхөр Шарипбаев энэ бүхний гол буруутан нь. Учир нь Шарипбаев байгалийн хий олборлодог компаниуд болон хий зардаг станцуудыг бүгдийг нь хувьчлаад авчихсан. Тэгээд 2022 оны 1 сарын 1-нээс байгалийн хийн үнийг эрс нэмэгдүүлсэн.

 

 

Засгийн Газрын бүх л үйл ажиллагаа нь Назарбаевийн хүргэнийг баяжуулах үйлдэл болсон учраас иргэдийн бухимдлыг төрүүлэх нь аргагүй юм. Ингээд 30 жил тэссэн хүмүүсийн тэвчээр алдагдаад, Казахстаны бүх муж, хотуудад бослого, хөдөлгөөн гарсан юм. Казахстаны нийгмийн бүтэц, Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа нь энэ бослого, хөдөлгөөн гарах шалтгаан болсон.

 

 

Гэхдээ одоо Казахстанд Назарбаевийн Засгийн газрыг Токаевынхаар солих, Назарбаевийн хөрөнгийг бусад баячууд нь хувааж авахаас өөр нийгмийн өөрчлөлт явагдаагүй байгаа учраас эмх замбараагүй байдал ахин гарах нь дамжиггүй юм. Дараа дараагийн удаа гар хоосон иргэд биш ,зэвсэг барьсан иргэд босох нь ч тодорхой. 

 

Казахстанд болсон үйл явдалтай холбогдуулан Монгол улс хэрэв ШХАБ болон ОДКБ-д элсвэл Монголд Хятадын юм уу, ОХУ-ын цэргүүд орж ирэх болж байна гэж зарим иргэд дүгнэж байна. Энэ үнэн үү?

 

ШХАБ-ын дүрмэнд цэрэг оруулах тухай байдаггүй. Казахстан улсын хувьд ОДКБ-н гишүүн. Энэ холбооны байгуулсан гэрээний дагуу цэрэг оруулсан. Казахстаны Ерөнхийлөгч Токаев өөрөө хүсэлт гаргаж, олон улсын алан хядагчдийн дайралтанд өртлөө, 20,000 гаруй алан хядагч Засгийн газрын эсрэг дайралт хийж, дэлгүүр хоршоог дээрэмдэж байна гэж мэдэгдсэн. Гэтэл үнэн хэрэг дээрээ байдал огт өөр байсан нь үйл явдал дууссаны дараа харагдсан шүү дээ. Монгол улс ямар нэгэн холбоонд нэгдсэн ч, нэгдээгүй ч гадны цэрэг орж ирэхгүй. Гэхдээ Монгол улсын эрх баригчдын явуулж байгаа бодлого, ард түмний байгаа байдал нь ардчиллаас татгалзаж байгаа учраас Казахстаны зам руу орно гэдэг нь тодорхой. Казахстанд болсон үйл явдлын шалтгаан нь гадны улс орнуудын нөлөөгөөр биш, ард түмнийх нь тэсвэр, тэвчээр барагдсан хэрэг юм.

 

Монгол Улсад баячуудын Засгийн газар бий болчихсон байгаа нь Казахстанынх шиг аюул болох гол шалтгаан юм. Казахстан улс ямар нэгэн холбоонд элсээгүй байсан ч ОХУ-аас тусламж гуйсан тохиолдолд В.Путин цэргээ явуулах нь тодорхой. Яагаад гэвэл хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад ардчилсан хувьсгал гарах бүрт В.Путин тэдгээрийг өнгөт хувьсгал хэмээж, дарахыг хичээдэг. Хэрэв Казахстанд засгийн эрх жинхэнэ ард түмний гарт шилжвэл ОХУ-д нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байгаа хэрэг юм. Эрт дээр үеэс ард түмний бослогыг олигархи баячууд нэгэндээ тусалж дарах үзэгдэл нь түгээмэл байсаар ирсэн. Үүний цаад шалтгаан нь илүү нарийн, төвөгтэй юм. 

 

ОХУ Украйн руу дайрах талаар сүүлийн хэдэн сар тасралтгүй ярьж байна. Үйл явдлын өрнөлийг та хэрхэн таамаглаж байна вэ?

 

Украйн улсын эсрэг ОХУ цэргийн хүч төвлөрүүлж байна. Саяхан В.Путин АНУ болон НАТО-г дорно зүгт хүрээгээ тэлэхээс бүрэн татгалзах амлалт өгөхгүй бол цэргийн хүчээр асуудлыг шийднэ гэж мэдэгдэл хийсэн. Энэ нь ОХУ Украйн руу цэргээ оруулна гэсэн үг юм. Ингэсэн тохиолдолд дор хаяж Харьков хотыг эзэлж авна гэж судлаачид шуугиж байна. Гэхдээ олон хүмүүс энэ тохиолдолд В.Путины дэглэм нурж, ОХУ хоёр дахь удаагаа задарна, тийм учраас энэ нь зүгээр айлган сүрдүүлэлт, улстөрийн сүржигнэл гэж байгаа. Гэвч нөхцөл байдал улам аюултай болж байна. 1962 онд ОХУ, АНУ-ын хооронд болсон, дэлхийн гуравдугаар дайн гарах шахсан үйл явдал давтагдах нь гэж харж байгаа хүмүүс ч бий. 2014 онд Украйны Ерөнхийлөгч В.Януковичийг ард түмэн нь бослого гаргаж зайлуулсан явдлыг ОХУ эмзэглэн хүлээж авсан байдаг. Тэгээд Крымд бүх ард түмний санал асуулга явуулсан нэр зүүгээд, Крымийг ОХУ өөрийн болгож авсан. Үүнээс болж барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсан. Тухайн үед буюу 2014 онд хэрэв ОХУ Украйн руу довтолсон бол эзэлж авч чадах байсан нь тодорхой. Яагаад гэвэл тэр үед Украйны арми одоогийнхоос хэд дахин сул дорой байсан юм. Гэвч В.Путин Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсууд байгуулагдсанд сэтгэл нь ханаад хөдлөөгүй. Гэтэл одоо 2022 онд Украйны эдийн засаг, арми нь бэхжээд, ард түмнийх нь дунд ОХУ-ын эсрэг нэгдсэн байр суурь бий болчихсон хойно яагаад цэргийн ажиллагаа явуулах гээд байна вэ? гэдэг асуулт урган гарч ирж байна. Үүний шалтгаан нь 2014 онд маш өндөр байсан В.Путины нэр хүнд өнөөдөр шалан дээр унах шахаад байгаатай холбоотой.

 

 

2021 оны Думын сонгуулиа хүртэл 2020 оны Монголд болсон УИХ-ын сонгуультай адил хар машин ашиглан, луйвардаж хийсэн. Энэ бүхэн нь иргэдэд таалагдаагүй учраас В.Путины нэр хүндийг өсгөхийн тулд жижигхэн ч атугай ялгуусан дайн хэрэгтэй байгаа юм. Тэр дайнд ОХУ ялж чадвал В.Путины нэр хүнд эргээд өснө. Украйн бол дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө ЗХУ-ын хүнд аж үйлдвэрийн 2/3 нь төвлөрөөд байсан чухал улс.

 

 

Хөдөө аж ахуйн холбогдол ч өндөр. Тийм ч учраас Украйны эсрэг дайн өдөөгөөд, ялалт байгуулж чадвал В.Путины нэр хүнд өсөх нь тодорхой. Мөн дайн хийж байгаа үед улс орон дотроо хатуу чанга бодлого явуулж, сөрөг хүчнийг дарах хууль ёсны боломж ч В.Путинд олдоно. 2021 оны турш В.Путины захиргаа сөрөг хүчний эсрэг ноцтой, томоохон арга хэмжээнүүдийг авсан зэрэг нь ард иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа учраас гадаад бодлогын аюултай шийдвэр гаргахад нөлөөлж байгаа гэж хэлж болно. 

 

Та өнгөрсөн намар УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшсэн. Манай сонгогчдын боловсрол ямар түвшинд байх шиг байна?

 

Монголчууд сонгуулийн ач холбогдлыг зохих ёсоор нь үнэлж чадахгүй байгаа нь харагдаж байна. Барууны хөгжилтэй улс орнуудад сонгогчид сонгууль хамгийн чухал үйл явдал гэдгийг мэддэг. Ард түмэн сонгуулиар дамжуулж засгийн эрхийг гартаа авч байдаг. Ард түмний гарт засгийн эрх байна гэдэг нь ард түмний амьдрал сайжирна гэсэн үг юм. Сонгуульдаа идэвхтэй оролцохгүй бол жирийн санал хураалт болж хувираад, хамгийн өөдгүй хүмүүс ялалт байгуулдаг. Сонгуульд оролцоогүй, гэртээ үлдэж хоцорсон сайхан сэтгэлтэй сайн хүмүүс хамгийн өөдгүй Засгийн газрыг бий болгодог гэж У.Черчилль хэлсэн байдаг. Монголын сонгууль тийм л болчихлоо. Ирээдүйгээ сайнаар төсөөлдөг, сайхан сэтгэлтэй хүмүүс сонгуулийг дутуу үнэлснээр ард түмний төлөө зүтгэж чадах, системийн бус хүмүүс ялагдаж байна. Би ч мөн улстөрийн гол намууд, бүлэглэлүүдэд хамааралгүй учраас өөрийгөө системийн бус хүн гэж хэлж байгаа юм.

 

100 жилийн турш МАН Засгийн эрхийг гартаа атгаж байна гэдэг нь Монгол Улсад хэзээ ч эдийн засгийн болоод улстөрийн өөрчлөлт гарахгүй гэсэн үг юм. Өөрчлөлт гарахгүй гэдэг нь залуусын амьдрал сайжрахгүй гэсэн үг. Дараа дараагийн үеийн хүмүүс нь өмнөх үеэсээ муу амьдарна. Эдийн засгийн өөрчлөлт, реформ хийхийг хүсдэг хүмүүс Засгийн эрхийг авч байж эдийн засаг сайжирч, хүмүүсийн амьдрал дээшилнэ шүү дээ. Одоо Засгийн эрхийг барьж байгаа хүмүүс өөрсдийн хүссэн хангалуун тансаг амьдралдаа хүрчихсэн учраас шинэчлэлээс айж байна. Өөрөөр хэлбэл Монголд ард түмнийг ядуу байлгах хүсэлтэй Засгийн газар бий болчихлоо. Энэ нь Казахстанд болсон үйл явдал Монголд ч өрнөнө гэсэн үг. 

 

Коронавируст цар тахлын омикрон хувилбар Монгол улсад ид дэгдэж байна. Монголын хүн амын дийлэнх нь энэ өвчнөөр өвдсөн нь тодорхой болчихлоо. Засгийн Газар энэ хүнд үед ер нь хэрхэн, яаж ажилласан гэж та дүгнэж байна?

 

Засгийн Газар цар тахлыг далимдуулж, УИХ-ын ба Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрт ашигтайгаар явуулах, Монголчуудын эрх чөлөөг хасах ажлыг их сайн амжуулсан байх гэж би бодож байна. “Ковид-19” гэдэг өвчнөөсөө илүү Засгийн газраас хүмүүст хүчээр хийж буй вакцин нь илүү аюултай гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ. Омикрон хувилбар анх Өмнөд Африк, түүний залгаа Ботсвана улсад гарсан гэдэг. Ботсвана улс нь өндөр хөгжилтэй, ардчилал хөгжсөн, ДОХ өвчнөөс шалтгаалаад вирус илрүүлэх лабораториуд маш сайн хөгжсөн. Гэхдээ Омикрон гэж нэрлэсэн нь буруу бололтой. Анхны хувилбарыг нь Альфа гэж нэрлэсэн гэж бодьё. Тэгвэл түүний дараагийн мутацийг бетта, гамма гэх мэтээр нэрлэлээ гэж бодьё. Альфа нь беттатай, бетта нь гамматай илүү төстэй байх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл чиний хүү чамтай илүү төстэй, хэрэв чамтай төсгүй бол чиний хүүхэд биш байх магадлал өндөр гэсэн үг юм. Гэтэл омикрон нь өмнөх мутациудаасаа өөр, анхны хувилбартайгаа илүү төстэй байсан. Тийм учраас шинэ хувилбар гарч ирлээ гэж хүмүүсийг айлгаад байгаа нь цаанаасаа зохион байгуулалтай нь тодорхой. “Ковид-19” анх дэгдэхдээ Хятад улсад, дараа нь баруун Европын хамгийн баян, төлбөрийн чадвартай улсуудад гараад байгааг анзаарсан. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадваргүй хүмүүс “Ковид-19” тусахгүй байсан шүү дээ. Эмнэлгийн төлбөрөө төлж чадахгүй хүнд тусдаггүй их ухаантай вирус байсан. Омикрон ч үүнтэй адилхан. Омикрон бол хөл хорих дэглэмийг чангатгах, Засгийн газар янз бүрийн үйл ажиллагаа явуулах, барууны болон хятадын эмийн компаниудыг улам баяжуулах, хүмүүсийн эрх чөлөөг улам хасах улстөрийн зорилготой хэрэгсэл болохоос биш аюултай өвчин биш.

 

Монгол Улсын Засгийн Газрын омикроны эсрэг хийж байгаа тэмцэл ч энэ өвчнөөр далимдуулж, хувь хувийнхаа ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гэсэн оролдлого гэж үзэхээс өөр аргагүй. “Ковид-19” ч юм уу, омикрон хүмүүсийг алаад байгаа биш, Засгийн газраас явуулж байгаа бодлого нь хүмүүсийг хөнөөгөөд байна. Үүнийг өөрийн ойр тойрны хүмүүсээ сүүлийн үед эмнэлэгт хэвтүүлж байгаа хүмүүс сайн мэдсэн байх. ОХУ-д хүртэл юу ч болж байсан эмнэлэгт хэвтэж болохгүй, эмнэлэгт хэвтэх юм бол үхнэ гэдэг ойлголт газар аваад байна. 2021 он Монголын ахмадуудын хувьд сүйрэл боллоо. Социализмын үеийн хүмүүс төр засагтаа, тэднийхээ телевизээр ярьсан бүх зүйлд итгэдэг. Тийм ч учраас вакциныг настай хүмүүс хамгийн түрүүнд очиж хийлгээд, 1,2,3-р тун, тэр ч бүү хэл Спутник, Файзер гээд бүгдийг нь хийлгэсэн хүмүүс ч олон байна. Гэтэл эдгээр вакцины нөлөөгөөр унаган дархлаа нь муудаж, ялихгүй өвчний улмаас эмнэлэгт амь насаа алдах үйл явдал зөндөө гарлаа, гарч ч байна. ОХУ-д, Европын орнуудад ч үүнийг ойлгож байна.

 

Европын орнуудад хөл хорихыг эсэргүүцсэн жагсаал асар ихээр гарч байгаа. Омикрон хувилбар гээд байгаа нь хүмүүсийг байнга айдаст автуулах гэсэн хэрэгсэл гэж үзэхээс өөр аргагүй. Ямар ч өвчинтэй тэмцэх ажлыг эмч нарт л даатгах ёстой болохоос, өвчинтэй улстөрчид тэмцэж хэрэггүй. Цагдаа нар тэмцэж хэрэггүй. Хөл хорио буюу карантин гэдэг нь 40 хоног  гэсэн утгатай Итали үг шүү дээ. Өөрөөр хэлбэл 40 хоноод хөл хориогоо цуцалдаг байсан гэсэн үг. Гэтэл энэ хөл хорих дэглэм 2, 3 жил үргэлжилж байна. Ер нь энэ бол нэхүү өвчнөөс сэргийлэх гол арга бол эрүүл саруул ухаан юм.

 

 

Танд баярлалаа.

 

Ярилцсан М.Чойжал

sonin.mn