2019 онд ЖДҮ гэх нэршил манай улс төр, нийгмийг бүхэлд нь доргиосон. Өндөр албан тушаал, эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа урвуулан ашиглаж УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд тэргүүтэй улс төрийн хүрээнийхэн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг сангаас ямар ч шалгуур нөхцөлгүйгээр гарын үсэг төдийхнөөр л өөрсдийн компанидаа тэрбум тэрбумаар нь зээл авчихсан байсан нь илэрсэн.

Гэтэл бантсан гишүүд хулгай нь илрэнгүүт тэр дор нь “Буцаагаад зээлээ төлчихлөө шүү, хөөш. Сүртэй ш дээ” гэж дуу дуугаа аван мэдэгдэж, нүдний булай болж байсан даг. ЖДҮ-г дандаа сайд, гишүүд, дарга нар нь аваад байсан учир жинхэнэ үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид юу ч хүртдэггүй байснаа тэр үед л өнгөтөөр харсан даа. Гэтэл ЖДҮ-гийн шуугиан намжаад удаагүй байтал араас нь Хөгжлийн банкнаас дарга, улстөрчид тэрбум тэрбумаар нь зээл аваад эргүүлж төлөөгүй учир шүүхэд шилжсэн нь, тун болохгүй бол тэр их өр төлбөр, зээлийг Засгийн газар төлнө дөө гэх шуугиан сошиалаар түгсэнд ард түмэн маш ихээр дургүйцэж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлдэгчийг нэгдүгээр сарын 20-нд зарласан. Уг банк үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой гэх боловч дээрх 26 зээлдэгчийн жинхэнэ эздээс нь харвал юуных нь тэргүүлэх салбар байх вэ дээ гэмээр дүр зураг гарсан билээ. Анх зээл авахдаа хэлж байснаасаа тэс өөр зүйлд зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн, эргэн төлөлт хийгээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд ихэнх нь чанаргүй зээлдэгч гэх нэр зүүгээд шүүхийн шатанд яваа юм. Ер нь Монголд ямар зээлдэгч ийм том толгойтой байх вэ. Мэдээж сайд, дарга нар, нөлөө бүхий улстөрч эзэн, артай компаниуд шүү дээ. Улстөрч, нөлөө бүхий дарга, эрх мэдэлтнүүд ЖДҮДС-г цөлмөсөн шиг нэр нөлөө бүхий хүмүүс Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг 50 гаруй хувьтай болтол нь доройтуулж зээл авсанд олон нийт дургүйцэх ч багадаад жигшиж байна. Ард түмэн яагаад тэдэнд дургүйцэв гэхээр ард түмнээс илүү боломж, бололцоо, эрх мэдэлтэй мөртлөө мэдээлэлд ойр байдлаа ашиглаж татвар төлөгчдийн мөнгийг сүйтгэж байгаад нь л зэвүүцэн шударга ёсыг нэхээд байгаа юм.

Тухайн үедээ ЖДҮ-д нэр холбогдсон өндөр албан тушаалтнуудад арга хэмжээ авахчаа аядсан. Дахиж нэр дэвшихийг нь болиулсан ухаантай. Ийм арга хэмжээ ч гэж юу байхав дээ. Энэ удаад Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй зээлдэгч гэх гуншин зүүгээд байгаа хүмүүсийн нэр илчлэгдэж, ид шуугиан дэгдээж байна. МАН-ынхан мөн л ярьдгаараа “Эдэнд арга хэмжээ авна” л гэх байх. Яаж арга хэмжээ авахыг нь харж л байя.

Гэтэл дараагийн сонгуулиар бүрдсэн парламентын гишүүд бусадтайгаа нийлээд дахиад л татвар төлөгчдийн мөнгийг ингэж нийлж идсээр байх юм уу, яах юм. Үе үеийн эрх баригчид улсыг ийн тонон дээрэмдсээр л байх юм уу. Тэгээд тухайн үедээ шуугианыг намжаах гэж “Арга хэмжээ авсан” болоод өнгөрөөгөөд байх уу. Ийм тасралтгүй хулгай үеийн үед Монголын төрд үргэлжлэх болж байна уу? Үүнд ямар хариулт байна вэ?

Тавган дээрх үнэгүй хоолыг иддэг нь хүн төрөлхтөн, хүний жам юм. Бололцооны бэлэн олзыг зүгээр орхиод явдаг хүн тун ховор. “Та ийм зээл авах боломжтой, хүү нь ийм бага. Ингээд л зүгээр авчихдаг юм. Олуулаа ингээд зээлчихээр яваандаа чанаргүй зээл болгоод хэрэгсэхгүй болгуулаад зээл тань танд үлдэнэ. Их ашигтай шүү. Энэ зээлийг улс төрийн дэмжлэгээр түвэггүй авчихдаг юм аа” гэхээр аль ч намд байгаа хэн ч тэр бэлэн зээл авахыг л бодно. Ийм хулгайг зогсоохгүй бол байн байн давтагдаад байх уу, үе үеийн эрх баригчид хулгайчдын толгойг илсээр яваад байх юм уу. Энэ бүхнээс яаж ангижрах вэ. Ямар хувилбар байна вэ?

Арга хэмжээг хэнд авав гэхээс илүүтэй яагаад ийм үйл явдал байсхийгээд гараад байна вэ гэдэг уг шалтгааныг нь эхэлж олох ёстой.

Гол нь, хуульгүйг далимдуулж ийм хэргүүдийг бүлэглэн, хүч түрэмгийлж хийдэг. Эрх мэдлээ ашиглаж, бүлэглэж, үгсэж, улс төрийн дэмжлэгээр улсаас их хэмжээний зээл авч болохгүй гэсэн тодорхой хууль байдаггүй. Харин хууль хийсэн нэрээр энд тэндхийн хуульд бүдэгхэн, бадагхан оруулга маягаар хавчуулж хийсэн зүйл, заалт мэр сэр дурдагдаж л байдаг. Эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулж болохгүй гэдэг эрхбиш ганц нэг зүйл заалт байгаа байх гэж горьдож байна. Хэрэв тийм зүйл байгаа бол түүнийгээ буюу хуулийг үл хэрэгссэнээс л энэ бүх хэрэг гараад байгаа юм.

Уг нь “Төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахина” гэж эх хуульдаа заачихсан байгаа. Мөн Төрийн албаны тухай хуульд “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын

Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэчихсэн байгаа. Гэтэл төрд байгаа эрх мэдэлтнүүд өөрийн давуу байдлаа ашиглаж ингэж зээл авах нь хууль бус. Хууль бусыг нь мэдсээр байж улсад хохирол учруулж байгаа нь хуулиуд, Үндсэн хуулийг юман чинээ ч үл тоож, сүрдэхгүй байгаатай холбоотой л доо.

Тиймээс төрд, татвар төлөгчдийн мөнгөнд хулгай давтамжтайгаар орж байгаа энэ үйл явдлуудыг таслан зогсоохын тулд хууль, эрх зүйн орчныг нь яаралтай бүрдүүлэх цаг нь болсон. Ёс зүйн код ч юмуу, хууль зүйн талаас нь ийм үйлдэл гаргуулахгүйн тулд төрийн албан хаагчдад зориулсан тусдаа хууль хэрэгтэй байна.

Улс төрийн эрх мэдэл, нэр нөлөөгөө ашиглаж, өөрийн нөлөөллийн хувийн компаниуддаа төр, татвар төлөгчдийн мөнгөнөөс зээл олгодгийг хориглодог болох хэрэгтэй. Аж ахуй эрхэлдэг бол тэрийгээ л хий. Улс төр хөөдөг бол улс төрөөрөө л дагна. Улс төрд оччихоод амин хувийн эрх ашиг, компани, аж ахуйгаа үргэлжлүүлнэ гэдэг бол үнэхээр шударга бус.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс зээл авч байгаа дарга, сайд, гишүүдэд ажил хийнэ, юм бүтээнэ гэсэн өчүүхэн ч сэтгэхүй байдаггүй. Улстөрчдийн бизнесмэнүүдээс ялгагддаг гол ялгаа нь ердөө энэ. Харин бизнес эрхлэгчид зээл авбал юм хийнэ, юм бүтээнэ, ажлын байр нэмэгдүүлнэ, үйлдвэрээ өргөжүүлнэ гэж харьцангуй ирээдүйтэй, зорилготой зүйл рүү чиглэдэг. Улс төрийхөн бол ажил хийх талаар юу ярихаа ч мэддэггүй. Зээл нэрээр хулгай хийхдээ л гаргууд, тэр талдаа бүлсэг. Зээл авч байгаа хүмүүсийг улс төрийнхөн ба бизнес эрхлэгчид гэж ялгаж салгаж зааглаж, цаад эздийг нь илрүүлж байх жишиг тогтоох хэрэгтэй. Төрд нүүрлэсэн хулгайг таслан зогсооё, хулгайн энэ тасралтгүй үргэлжилсэн гинжин холбоог тасалъя гэвэл төрийн албан хаагчдын ёс зүйг заасан хуультай болох хэрэгтэй байна. Хуульгүй, хууль байлаа ч эс хэрэгсээд байвал Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг иймэрхүү төрлийн, өндөр мөнгөн дүнтэй хэргүүд гарсаар л байх болно