Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хууль, шүүхийн салбарт шинэчлэл хийнэ. Шударга ёсыг тогтооно” гэж мэдэгдсэн.

Энэ шинэчлэлийг хийх эрх, үүрэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танд оногдсон. Монголын ард түмэн Төрийн тэргүүний хэлсэн үг, дэвшүүлсэн санаачилгыг талархан хүлээн авч “Хууль, шүүхийн салбар авлигаас ангид болох юм байна. Ард түмэнд алагчлалгүй хандах юм байна. Төрийн нэр, хуулиар далайлган хэн нэгнийг хэлмэгдүүлдэг, айлгаж дарамталдаг үзэгдэл эцэс болох юм байна” гэж итгэсэн. Одоо ч тэр итгэл алдраагүй байна. Харин бодит байдал дээр бүх зүйл эсрэгээрээ байна. Хууль, шүүхийн шинэчлэлийн “Автор” гэгдэх болсон Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хариуцаж буй салбарт болохгүй, бүтэхгүй бүхэн он удаан жил бугшиж, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг зүй бус тогтолцоо оршин тогтносон хэвээр. 

Жишээ дурдъя. 

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж. Монголын бизнесийн салбарт энэ тодотгол, энэ нэрээр хэдийнэ танил болсон тэрбээр өдгөө бизнес, хувийн өмчөө бусдад дээрэмдүүлчихсэн атлаа өдгөө яллагдагч гэх нэр зүүгээд байна. Учир нь түүний олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтээн босгосон “Ноёд констракшн”-ий хэдэн тэрбумын хөрөнгө дээр Сэндэнхүүгийн Билэгт гэх хэн ч мэдэхгүй эмэгтэй сандайлчихаад хууль, шүүхийнхнийг харцаараа хөдөлгөж сууна. Тэр ч атугай талуудын дунд үүссэн өмчийн маргаан, мөн Сэндэнхүүгийн Билэгт гэх эмэгтэй Г.Буяндоржтой анх яаж танилцаж, түүнийг хэрхэн мэхэлж, улмаар өмч хөрөнгийг нь булаан авсан тухайд тодорхой баримт түшиглэн бичсэн сэтгүүлчийг шүүх, цагдаагийнхнаар айлгаж дарамтлуулах оролдлого хийж өдгөө яллагдагчаар татуулчихлаа. Мөн нэгэн сонины сэтгүүлч бүсгүй Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн хэвлэлд өгсөн ярилцлага, Г.Буяндоржийн хүүгийн “Соронз” сэтгүүлд өгсөн ярилцлагуудаас түүвэрлэн авч сониндоо нийтэлснийхээ төлөө өдгөө шүүхээс гурван сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээлээ. Сэндэнхүүгийн Билэгт яасан хүчтэй юм бэ. Яасан их ов мэхтэй юм бэ. Монголын нэгэн бизнесмэний өмчийг булаан аваад зогсохгүй өөрийнх нь тухай, тодруулбал Билэгт гэж Б үсэг бичсэн сэтгүүлч болгоныг шүүх, цагдаад өгч хууль шүүхэд ямар нөлөөтэй болохоо харуулж байна. Х.Тэмүүжин сайд аа, танай салбарынхан ч гэсэн ийм л байна. Энд Г.Буяндоржийг өмөөрч, Сэндэнхүүгийн Билэгт гэх эмэгтэйг буруутгаж бичих гэсэнгүй. Магадгүй, С.Билэгт “Намайг муулж, гүтгэж бичлээ. Барь, хорь” гэж хууль, шүүх, прокурорт байдаг танилууддаа “тушаал” өгөх биз. Тэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд ийм ажлыг хангалттай хийсэн шүү дээ. Хэдийгээр Х.Тэмүүжин сайд та “Хууль, шүүхийн салбарт шинэчлэл хийх л болно. Хэн ч намайг зогсоож чадахгүй” хэмээн мэдэгдэж байгаа ч хууль, шүүх, прокурорынхон танил тал, хөрөнгө мөнгөтэй л бол хэрэг хийсэн ч байсан хамаагүй өмгөөлж, бусдыг хэлмэгдүүлсэн хэвээр байна гэдгийг дуулгах гэсэн юм. 

    Ингэхэд Сэндэнхүүгийн Билэгтийг яагаад дийлэхгүй байна вэ. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг Ганц худагт хоригдох үеэр энэ эмэгтэй “Би Г.Буяндоржийг тав хоног байтугай таван жил хориулсан ч чадна” хэмээн бардамнаж байсан гэдэг. Тэр чадсан. Г.Буяндоржийг тав хоног биш таван сар хориулж чадсан, тэр. Дараа нь дахин нэг сар хориулж ч бас чадсан. Бас нэгэн хачирхалтай явдлын талаар Х.Тэмүүжин сайд таны сонорт хүргэе. Өнгөрсөн жилийн зун шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид “Ноёд констракшн” ХХК-ийн байрыг битүүмжилж, шийдвэрээ Г.Буяндоржийн талд гаргасан ч Сэндэнхүүгийн Билэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнөөс тэрхүү тогтоолыг хулгайлан авч Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай уулзахдаа өгсөн байдаг. Харин хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Сэндэнхүүгийн Билэгтийн хулгайлж авчирсан тогтоолыг жишим ч үгүй аваад сейфэндээ хадгалсан удаатай. Үгүй, энэ чинь ийм юм байж болох уу. Өөр нэгэн жишээг бас хэлье. Сэндэнхүүгийн Билэгт гэх хууль, шүүх, прокурорынхныг атгачихаад байгаа эмэгтэйн өмгөөлөгч Р.Оюунцэцэг гэгч нь өмнө нь Г.Буяндоржийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн. Энэ өмгөөлөгч өнөөдөр С.Билэгтэд худалдагдчихаад хууль шүүхэд байдаг танил талаа ашиглаж байгаа нь нэгэнт тодорхой боллоо. Өмгөөлөгчийн ёс зүй, ичих булчирхай гэж Р.Оюунцэцэг гэдэг хүнд байна уу. Өмгөөлөгчдийн холбоо нь иймэрхүү ёс зүйгүй, шударга ёсыг уландаа гишгэж ёстой л “Мөнгө улаан, нүд цагаан” гэх шуналаар ажлаа хийдэг өмгөөлөгчдөө арга хэмжээ авдаггүй гэж үү. Үнэхээр ч Р.Оюунцэцэг нь хууль, шүүх, прокурорт танил талтай, Сэндэнхүүгийн Билэгт нь бусдаас булааж авсан өмчийг дураараа зарцуулсаар хэнийг ч худалдаад авчих бэл бэнчинтэй байгаа учраас тэд зөвхөн Г.Буяндорж болон энэ хэрэгт яллагдагчаар татагдсан бусад хүн болон сэтгүүлчдэд эр бяраа гайхуулж байна. Тэд дуртай үедээ танай салбарынхан руу утас цохиж “Тэг, ингэ” хэмээн хаан мэт аашилж байна. Төрийн өмнөөс хууль хэрэгжүүлж, хяналт тавин шударга үнэнийг тогтоох учиртай хууль, шүүхийн салбарынхны арчаагүй байдал ч дээрх өмчийн маргааны үеэр маш тодорхой харагдаж байна. Тиймээс энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж, шинэчлэлээ шударга үнэнийг эрхэмлэн хэрэгжүүлэхгүй бол Х.Тэмүүжин сайд та хэчнээн гоё үг хэлж, сайхан уриа дэвшүүлээд ч салбарт чинь байгаа “идээ бээр” мөд шахагдахгүй нь бололтой. Харин Сэндэнхүүгийн Билэгтийн талаар үнэнийг бичсэн сэтгүүлчид хэн нэгэн мөнгөтэй, хууль шүүхийнхнээр айлгадаг хүмүүсээс айхгүй бөгөөд эх сурвалжийн өгсөн мэдээлэлд түшиглэн үнэнийг баримттай, нотолгоотой бичих болно гэдгээ бас мэдэгдье. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу