Бид юу бол юуг ч хийж чаддаг эрин үед амьдарч буй. Өдөр тутамдаа хуванцар сав, гялгар уутыг хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах тоолонд хэрэглэдэг. Энэ нь ч хүмүүсийн хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон гэхэд болно. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодолыг ч эдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Манай иргэд ундны ус, айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь түгээмэл болсон. 2008 онд хийсэн судалгаанаас үзэхэд хот, хөдөө орон нутгийн айл өрхийн 63 хувь нь хүнсний бус хуванцар сав ашигладаг гэсэн дүн гарсан.

Иргэдийн санал хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар саванд шинжилгээ хийжээ. 

Уг шинжилгээгээр “Нарантуул” захад худалдаалж байгаа 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хувцанцар савыг сонгон авчээ. Ийм саванд хадгалсан усан дахь хар тугалганы хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон манай улсад мөрдөж байгаа  стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс /хар тугалга-0,01мг/л/-ээс 60-800 дахин их, формальдегид дээд хэмжээнээс /формальдегид – 0,1 мг/л /-ээс 1800-6900 дахин их байгаа нь тогтоогджээ.

Хүнсний зориулалттай саванд формалины үлдэгдэл илрэх ёсгүй атал 27,0 - 53,43 мг/л хэмжээтэй гарч,  цаг хугацаа явахын хэрээр улам ихэсч байгаа аж. Хуванцар саванд хадгалсан усан дахь төмөр, нитрит манайд мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй бол аммиак зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гарчээ.

            

Харин саванд хадгалсан сүү, айрганд кадьми 0,001 мг/л-ээс бага, хар тугалга сүүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд дөрөв дахин их гарсан байна.

Хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй тул “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байхыг иргэдэд зөвлөе!

Мөн “2”, “4” бүхий тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар сэрэмжлүүлж байна. Харин “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм. 

Иймд уншигч та бүхэн өөрийн эрүүл мэндэдээ анхаарч хуванцар савны тэмдэглэгээ, код, тайлбарыг мэдэж байх хэрэгтэй.

                        

 

Х.Даваа