Бизнесмэн нэртэй хэдэн импортлогчид ойр ойрхон агуулах чөлөөлөх хямдралтай худалдаа зарлах юм. Харь орноос авчирсан хямд үнэтэй гялгар бараа нь хямралын хугацааг даахгүй байгаа бололтой.
 
“Номин”-гоос эхлээд бүгд л энд тэндгүй агуулах чөлөөлөх худалдаа хэмээн зар цацах юм. Олны ярих нь агуулахад удсан бараа бүтээгдэхүүний хугацаа дуусч муудах тийшээ хандахаар ийнхүү агуулах чөлөөлөх нэрийн дор он сар өдрийнх нь шошгыг сольж зардаг гэсэн яриа ч бий. Чухам үнэн худлыг бүү мэд. Ямар нүдээр үзсэн биш. Нэгэн цагт лангуун дээр хэдэн мянгаар тоологдох үнээр гялалзаж байсан бараа бүтээгдэхүүний үнэ ёстой л шалан дээр унаж, хэрэглэгчдийн гар дээр ирнэ. Хэтэвчтэй хэд нь хүрэхгүй шүлсээ залгиад гарч байсан ирсэн иргэд навс унасан барааг дуртай авдаг нь бичигдээгүй хууль бололтой. Уг нь агуулах чөлөөлөх худалдаа гэдэг өөрөө их муухай үг л дээ. Илүүдсэн хэрэггүй зүйлээ хаяж шинэ зүйл авчрах гэж байгаа санаа юм. Гэсэн ч бидэнд энэ огт хамаагүй. Брендийн нэртэй цахилгаан бараанаас эхлээд хувцас хунар, хүнсний зүйлийг хүртэл авч одно. Гэхдээ хүнсэнд нь хордчихгүй бол энэ нэг их аюултай зүйл биш. Яахав, цахилгаан бараа нь гарын ая даахдаа тааруу л байна биз. Харин манай нийгмийн зарим салбарт энэ агуулах чөлөөлөх хямдралтай худалдаа явуулах цаг хэдийнээ болжээ. 
       Тухайлбал, энэ Төрийн ордныг чөлөөлөх хямдралтай худалдаа зарламаар санагдах юм. Ялангуяа энэ Засгийн газрыг чөлөөлөх хямдралтай худалдаа зайлшгүй хэрэгтэй. Яг “Номин”-гийн агуулах чөлөөлөх худалдаа шиг. Тэртээ тэргүй агуулахад байгаа гүйлгээгүй бараа шиг болсон хүмүүс юм чинь яадгийм. Манай иргэд ч үнэ хямд, ашиг тусыг нь бодоод авчихна л даа, дор нь. Ингээд Төрийн ордон буюу Засгийн газрыг чөлөөлөх хямдралтай худалдаа явуулахад хамгийн түрүүнд хэнийг авах вэ гэдэг асуудал зүй ёсоор тулгарч таарна. Засгийн тэргүүнээс эхлээд авна гэж үзвэл Н.Алтанхуягийг дор нь авна. Багаасаа ачаа үүрсээр байгаад намхан болсон гэж өөрөө байн байн ярина билээ, өөрөө. Тэгэхээр захын сүлжээ дэлгүүрүүд ачигч хийлгэх гээд булаалдаад авна. Бүр цаашлах юм бол чацарганы талбайд ажиллуулна, мал нядлуулах гээд авчихна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ямар ч байсан борлочихно. Тэр юутай ч агуулахад хог новш болж үлдэхгүй. 
      Шадар сайд Д.Тэрбишдагвыг авах хүн олдохгүй нэлээд зовоох боловч лангуун дээр бараа зараад байж дөнгөнө биз дээ гээд нэг нь авчихна. Харин өнөөх Засгийн газрын сайд Ч.Сайханбилэгийг авах хүн олдоход тун бэрх. Олны дундаас бас яахав, нэг авгай PC тоглоомын газарт суух хүнгүй учраас мөнгө хураагчаар авах байх. Гэхдээ мань эр өөрөө тоглоомондоо донтох аюултай. Өнөөх Уул уурхайн сайд Д.Ганхуягийг авах ч үгүй болов уу. Харин Ц.Оюунгэрэл сайдыг бол дор нь авчихна. Нэг хөгшин хужаа ирээд гайгүй хэл устай юм босгоноос дээш гаргахгүй хэлмэрчээр байлгаад байхад гэмгүй гээд авна. Бас нэг сайн борлогдох хүн бол Гадаад хэргийн сайд Лу.Болд. Гадаад худалдаа эрчимтэй явагдаж буй үед хил дамнасан зэвсгийн наймаа хийлгээд золиослочих гэсэн харийнхан дор нь худалдаад авчихна, асуудалгүй. Өнөөх Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг ч нэг америк ирээд л тооно. Яагаад гэхээр АНУ-ын Калифорни мужид хэвтэрт байгаа хөгшин аавыгаа асруулахаар авч одно. Бас нэг зарагдахгүй бараа бий. Тэр нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. 
 
Ч.Дорж