Улсын Филармонийн дэргэдэх “Баян Монгол” чуулгын ууган дуучин, MУСТА Л.Оюунчимэгийн нэрэмжит “Үртэй хүн жаргалтай” Олон Улсын рок, поп дуучдын уралдаан энэ оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу Эх, үрсийн баяраар зохиогдохоор болжээ.

Тус уралдааныг Монголын эстрад урлагийн амьд архив хэмээн хэлэгддэг Д.Ухнаа гуай санаачилан, зохион байгуулж байгаа бөгөөд уралдаанд хот, хөдөөгийн театруудын дуучид, дуулаачийн ангийн оюутнууд, дуулах сонирхолтой хүмүүс өөрийн хүсэлтээр оролцож болохоос гадна гадаадын орны дуучид оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа аж.

Авъяаслаг дуучин Л.Оюунчимэгийн төрсөн нутаг болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Нутгийн зөвлөл, Оюутан залуучуудын нэгдсэн холбоо, түүний үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь мөн энэ ажилд идэвхийлэн оролцож байгаа гэнэ. Уралдааныг зохион байгуулахад Төрийн банк, Улсын филармонийн “Баян Монгол” жааз оркестр, “Юм Агай” сан зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм байна.

Уралдаанд оролцогчид МУСГЗ, ОХ-ны Буриад Улсын УГЗ Д.Ухнаа, “Баян Монгол” чуулгын уран сайхны удирдаач, МУУГЗ Б.Ганбат нараас зөвлөгөө авч болохоос гадна өөрсдийн бэлдсэн дуу болон дуучин Л.Оюунчимэгийн “Цэцэгт нугын эрвээхэй” цомогт багтсан дуунуудаас дуулах дуугаа сонгон, бэлдэх боломжтой гэсэн.

Уралдаан 2014 оны 06 сарын 01-ний 18.00 цагт Улсын Филармонийн танхимд болох тул та бүхэн өргөнөөр очиж, сонирхохыг урьж байна.