Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдээ дэлгэцийн донтолтоос сэргийлэх зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.

Үүний тулд бага насны хүүхдэд зурагт, компьютер, таблет, гар утас зэргийг 30 минутаас илүү үзүүлэхгүй байх, дэлгэц хамгаалалттай байх, үзэж байгаа мэдээлэл, тоглоом зэрэгт хяналт тавих, Хэт ойрхноос болон харанхуй нөхцөлд үзүүлэхгүй байх, харилцан оролцоог дэмжсэн уламжлалт тоглоом, наадгай сонгож тоглуулахыг зөвлөлөө.

Харин дэлгэцийн хамааралтай болсон үед дараах шинж тэмдгүүд илрэх аж.

  • Гар хуруу өвдөх
  • Нүд хуурайших
  • Дархлаа муудах
  • Биеийн жин буурах
  • Өсөлт удаашрах
  • Уур уцаартай болох
  • Нийгмээс тусгаарлагдах

3-6 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 30-45 минут дэлгэц үзэж болно. Дэлгэц гэдэгт компьютер, гар утас, таблет, зурагт бүгд орно. Хүүхдэд 30 минут гар утас үзүүлсэн бол өөр дэлгэц битгий үзүүл. Эсвэл ганцхан зурагтаар нь өөрийнх насанд нь тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзүүлэхэд л болно. Бусад үед нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх өөр зүйлийг эрэлхийлж, хэрэгжүүлж, амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй. 

Харин 6-12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг. Энэ хугацаагаа өдөрт хоёр, гурав хувааж дэлгэц ашиглана. Ер нь аль ч насанд хүүхдүүдээ дэлгэцийн зохистой хэрэглээнд сургах нь чухал. Дээрээс нь хүүхдээ тушаах бус, тэдэнтэйгээ хамтарч ярилцаж, дэлгэц хэрэглэх цагийн хуваарийг нь гаргах нь илүү үр дүнтэй талаар сэтгэл засалч эмч Л.Цэрэндолгор зөвлөж байв. 

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө:

  • Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргах
  • Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж байх
  •  Хүүхдийнхээ сонирхлыг байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангах
  • Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэх
  • Хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байхыг НЭМҮТ-ээс зөвлөлөө.