Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С. Мөнхчулуун Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан /UNICEF/-ийн Зүүн Ази, Номхон Далайн бүсийн зөвлөх Фиона Ватсон болон албаны төлөөллийг хүлээн авч уулзаж, хүүхдийн эрүүл бус хооллолтын суурь нөхцөл болдог хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа болон хүүхдийн таргалалтын талаар ярилцлаа.

Сахарын хэмжээ, хүчил ихтэй, химийн болон удаан хадгалагч бодис орсон бүтээгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа хийжүүлсэн ундаа, чипс, резинэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг эцэг эхчүүд хүүхдүүддээ авч өгөх нь элбэг. Хүүхдэд чиглэсэн энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа хяналт, зохицуулалтгүй явж ирсэн. Үүнийг өөрчилж, хууль тогтоомжид тусгаж өгөх шаардлагатай гэжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Зар сурталчилгааны тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байгаа аж.

ШӨХТГ-ын дарга С. Мөнхчулуун “Хүүхдүүдийн хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйл байгаа хэдий ч хүүхдийн хооллолт, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд зар сурталчилгаа чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс хуулийн төсөлд эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааг хязгаарлах зохицуулалтыг тусгах, мөн хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаа” гэжээ.

Уг хуулийн төсөлд хүүхдийн эрүүл бус хооллолтын шалтгаан нөхцөл болж байгаа зар сурталчилгааг хязгаарлах чиглэлээр тодорхой заалт тусгаж өгөх нь зүйтэй гэдэг хоёр тал санал нэгдсэн байна. Мөн гол хэрэглэгч болсон хүүхдүүдэд эрүүл зөв хооллолт, хоол хүнсний зөв сонголт хийх, бүтээгдэхүүний орц найрлагыг уншиж ойлгож сурах зэрэг мэдлэг мэдээлэл олгох чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар болжээ.