"Фантастик продакшн" “Байтаг богд” киноноос хойш 4 жилийн дараа кино театрын дэлгэцнээ "ЗУРА 2: Цурам ажиллагаа" уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. "Цурам ажиллагаа" киноны богино хэмжээний трейлер өнгөрсөн мягмар гарагт цацагдаж, үзэгчдийн хүлээлтийг үүсгээд буй. Уг киноны талаар тус продакшны жүжигчин Б.Барслхагватай ярилцлаа.

-"Зура 2: Цурам ажиллагаа" киноны албан ёсны богино хэмжээний трейлер цацагдсан. Үзэгчид ч өндөр хүлээлттэй байх шиг. Тэгэхээр шинэ киноны талаар ярилцлагаа эхлүүлье ?

-"Фантастик продакшн" хамгийн сүүлд 2018 онд кино театрт "Байтаг богд" киног нээсэн. Түүнээс хойш кино театрын дэлгэцэд кино гаргаагүй. "Байтаг богд" киноноос хойш "37-р точка" УСК, "Зура шоу", "Зура" УСК гарсан ч кино театрын дэлгэцнээ шинэ уран бүтээлтэйгээр эргэн ирж байна.

Энэхүү кино нь орчин үеийн сэдэвтэй эйкшн кино. Адал явдалт кино гэж ойлгож болно. Манайханд нэг алдаатай тал байдаг нь киног бодит явдал гэж хараад байдаг. Манай кино нэг хүнээс болоод, бодит учраас хийсэн гэсэн үг биш, тийм зүйл байхгүй. Уран сайхны кино гэдгийг сайн ойлгоорой гэж хүсмээр байна.

-Кинонд сонирхолтой уран бүтээлчид тоглосон харагдсан. Уран бүтээлчдийг хэрхэн сонгосон бэ?

-Киноны кастинг сонирхолтой, сайн кастинг хийсэн гэж бодож байна. Энэ удаагийн кинонд өмнө нь манай кинонд тоглож байгаагүй уран бүтээлчдийг сонгосон. Мөн "Фантастик продакшн"-ы жүжигчдээс аль болох татгалзсан. Манай продакшнаас Шагай, Ганчу, Од бид дөрөв л тоглосон. Бусад гол дүрүүдийг гаднаас авчирсан. МУГЖ Ш.Доржсүрэн, МУГЖ С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба зэрэг маш сайн уран бүтээлчид гол дүрүүдэд оролцон тоглосон. Мөн эмэгтэй гол дүрд "Шинэ үе" продакшны жүжигчин Х.Оюунтунгалаг тоглосон. Дээрээс нь Малайз, Хонгконгийн жүжигчид оролцсон.

-"Зура 2" кино хэдий хугацаанд бүтсэн бэ. Кино зохиол хэзээ эхэлсэн бэ?

-Кино зохиол нь энэ оны нэгдүгээр сард бичигдэж дууссан. Харин үндсэн зураг авалт 50-51 орчим хоног үргэлжилсэн. Киноны маань эвлүүлэг, өнгө тавилт, дуу гээд бүх ажил зураг авалттайгаа нэг зэрэг явсан учир маш сайн цаг хэмнэсэн.

Ингээд ирэх есдүгээр сард үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна.

-Киногоо хийхэд хэр их судалгаа шаардсан бэ?

-Манай "Зура-2" киноны трейлер дээр гарч буй тусгай албаны хүмүүсийн дүрийг бүтээхийн тулд буу барих, буудахын тулд бүтэн хоёр сар практик буудлагын холбооны хичээлд суусан. Мөн дүрэмт хувцас өмсөх, зан араншин гээд бүхий л зүйл дээр судалгаатай ажилласан. Жүжигчний ажиллагаа дээр судалгаа, судалгаа, судалгаа "номер" нэгт шүү. Маш их юм унших шаардлагатай болдог. Өндөр мэдлэгтэй, өргөн мэдрэмжтэй байвал сайн жүжигчин гэж ойлгож болно.

-"Цурам ажиллагаа" гэж нэрлэсний учир юу вэ?

-Галыг цурамд оруулна гэж ярьдаг шүү дээ. Цурамд оруулах бол гал зогсоох арга. Ерөнхийдөө үүнтэй нягт холбоотой. Нэрнээсээ ойлгомжтой гэж бодож байна.

-"Зура"-г төсөл гэж ойлгосон. Тэгэхээр цаашид ч үргэлжилнэ гэсэн үг үү?

-Манай продакшн өмнө нь "Маш нууц", "Зура" гэх төсөл дээр ажилласан. Зура гэдэг нь сансрактит хэлээр ариун дайчин буюу сайн сайхны төлөөх дайчин гэсэн үг. "Зура-1" кинон дээр улс төрчдийн хууль бус үйлдэл, ажлуудын талаар гаргаж байсан. Удахгүй "Зура 2: Цурам ажиллагаа" киноны нээлт хийсний дараа хүмүүс үзээд сэтгэгдлээ хуваалцах нь зөв байх. Энэ төсөл цаашид үргэлжилнэ.

 

 

"Юу ч алдаагүй, цэвэр гарна гэж байдаггүй, алдаагүй байсан ч алдаа олж харна"

-"Фантастик продакшн" яг хэдэн уран бүтээлчтэй вэ?

-Яг ингээд ярихаар манай продакшн наймуулаа биш. "Фантастик продакшн"-ыг төлөөлж байгаа найман хүн байгаа боловч энэ гэр бүлийн гишүүн гэгдэж буй дүү нар маань бий. Б.Одончимэг маань байна. Одноог "Фантастик продакшн"-ы уран бүтээлч гэж ярихад буруудахгүй байх.

-Танай продакшны 14 жилийн ой энэ жил тохиосон. 14 жилийн өмнө эхлэхэд тавьсан зорилго өөрчлөгдсөн үү?

-Зорилгодоо хүрээгүй байгаа. Анх 14 жилийн өмнө дэлхийд алдартай кино хийцгээе гэж эхэлж байсан. Тэр зорилго руугаа алхаж байгаа. Санаж явахад хүрнэ гэдэгт итгэж байна. Итгэхгүй олон хүн байгаа л даа. Гэхдээ саад бэрхшээл бүрийг давж байж амжилтад хүрнэ гэдэг шүү дээ.

Олон Улсын зах зээлд монгол кино гарч зөвхөн монгол найруулагч, монгол жүжигчдийн хийсэн киног үзээсэй гэж мөрөөддөг.

-Массыг ажиглахад олны танил хүмүүсийг нийгэмд ямар нэг үүрэгтэй байх ёстой мэтээр ойлгодог. Жишээлбэл, кино уран бүтээлчдээс уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд болохгүй байгаа асуудалд дуугарч чадаж байна уу гэж нэхдэг. Энэ тал дээр "Фантастик продакшн" хэр үүрэгтэй оролцож байгаа гэж та бүхэн хардаг вэ?

-Зөвхөн миний өнцгөөс тайлбарлахад кино бол 100 хувь хүнд нөлөөлж чадах зүйл. Манай продакшны залуучууд Монгол Улс, монгол хүн байхын тухайд, эх оронч үзэл, эх орноо хайрлах сэтгэлийг төлөвшүүлэхийг зорьдог. Түүхэнд олон сайхан сэдэв байгаа учраас түүхээр дамжуулж, орчин үеийн залууст сурталчлахыг хичээдэг.

-Танай продакшны зүгээс өмнөх уран бүтээлүүдэд үзэгчдээс ирсэн санал, шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч, дараагийн бүтээлдээ чанаржуулж явдаг гэж боддог вэ?

-Бидний нэг давуу тал бол үзэгчдийн шүүмж, зөвлөгөөг цаашдынхаа уран бүтээлд маш сайн шингээж өгдөг. Шинэ уран бүтээл бүртээ илүү сайжирч, илүү суралцаж, мэргэжлийн болох үүднээс ажилдаг. Жишээлбэл, бидний 10 жилийн өмнөх киног одоогийн кинотой харьцуулбал тэнгэр газар шиг ялгаа гарна. Техник, зураг авалт, найруулга, жүжигчдийн уран чадварын хувьд ч тэр маш их ялгаа гарна. Хоёр өөр хүн хийсэн юм шиг харагдана. Энэ бол туршлага.

Өнгөрсөн 10 гаруй жилийн турш бидэнд зөвлөгөө өгдөг, шүүмжилдэг олон хүн байсан. Тэр бүгдийг бүгдийг нь авдаг. Хүн юм сурахаараа хуучин алдаагаа олж эхэлдэг шүү дээ. Тэгж л ажилладаг даа.

Гэхдээ юу ч алдаагүй, цэвэр гарна гэж байдаггүй юм билээ. Алдаагүй байсан ч алдаа олж харна.

- Танай продакшн дахиж түүхэн кино хийх үү. Үсээ ургуулж байгаа нь үүнтэй холбоотой юу?

- Бидний дараагийн киноны төсөл түүхэн кино байгаа. Үсээ ургуулж байгаа нь үүнтэй холбоотой.

 

 

"Зура 2: Цурам ажиллагаа" киноны бүх зүйлийг сайжруулж, хамгийн төгсөөр бүтээхийг хичээсэн"

-Таны хувьд энэ кинонд ямар дүр бүтээсэн бэ?

-"Зура-1" кинонд дүр бүтээгээгүй. Гүйцэтгэх продюсероор ажилласан. Энэ кинонд найруулагч надад гоё дүр өгсөн. Маш сайхан залуугийн дүр бүтээсэн. Сэтгэл маш өндөр байгаа. Үзэгчид үзээд намайг хэрхэн яаж тоглосныг дүгнэх байх.

-Шинэ кинонд гол дүр бүтээсэн. Дээрээс нь танай продакшны хамтын уран бүтээл шүү дээ. Энэ кино үзэгчдийн хүлээлтэд хүрнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байгаа. Үзэгчдэд таалагдана гэж бодож байна. Хамгийн гол нь манай продакшн маш сайн кино хийхийг хичээсэн.

Техник, төхөөрөмжөөсөө эхлээд бүх зүйлийг сайжруулж, хамгийн төгсөөр бүтээхийг хичээсэн. Мэдээж хэрэг чадаагүй байх. Алдаа гаргасан бол түүнийгээ дараа дараагийн бүтээлдээ засаад, оноогоо хадгалж явна гэж боддог.

Аливаа киног "Фантастик продакшн"-ы найман залуу хийдэг зүйл биш. Үүний ард хамтран ажиллаж, багийн бүрэлдэхүүнд ордог уран бүтээлчид, бүх төрлөөр тусалж дэмждэг хүмүүс, олны хэсэгт орсон нэг хүн тус бүрийн оролцоогоор энэ кино бүтсэн.

Мэдээж хамгийн чухал хүмүүс нь үзэгчид. Кино уран бүтээлийг хийсний дараа үзэгчид үзэж эцсийн дүнг нь тавьдаг. Үзэгчдийн шүүлтээр ороод тэдэнд таалагдаж байж тухайн кино сайн болсон эсэхийг ярьж чаддаг.

-Таны хувьд уран бүтээлдээ ямар зарчим баримталдаг вэ?

-Уран бүтээл бол бидний ажил. Хамгийн чухал нь хариуцлага. Хариуцлагыг өөрөөсөө хамгийн эхэнд шаарддаг. Хариуцлагын ард хийсэн ажилдаа эзэн байх, цаг барих, хамт олны уур амьсгалыг эвдэхгүй байх хамаарна. Мөн хийж буй ажилдаа мэргэжлийн хандахыг өөрөөсөө маш их шаарддаг.

-Аливаа кинонд дүр бүтээгээд, олон сар ажилласны үр дүнд эргээд үзэгчдэд хүрэх мэдрэмж ямар байдаг вэ?

-Тэр хамгийн гоё нь. Кино хийхэд бүх зүйл маш хэцүү, ядах, заримдаа залхах ч тохиолдол гардаг. Зураг авалт, бүх ажлын дараа киноныхоо нээлтийг хийх хамгийн сайхан байдаг .

- Ярилцсанд баярлалаа.

UBN.mn