Худалдан авсан малын маханд нь их хэмжээний идээ бээр байсан бөгөөд энэ талаар холбогдох байгууллагаас тодруулж өгөх хүсэлтийг нэгэн иргэнээс манай редакцад ирүүлсэн билээ. Энэ дагуу мэргэжлийн байгууллагаас дараах тодруулгыг авлаа.

Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга И.Жавхлант "Халдварт өвчний эсрэг вакцин тарьсан малын махыг 21-28 хоногийн дараа, сүүг 14-21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэх ёстой. Энэхүү заавар зөвлөмжийг дагаж мөрдөөгүй тохиолдолд маханд идээ бээр үүснэ. Өөрөөр хэлбэл, малын биед орсон химийн бодис нь өвчний эсрэг дархлааг үүсгэж, тодорхой хугацааны дараа биеэс гадагшлах ёстой байдаг. Уг зааврыг дагаж мөрдөөгүйгээс болж ийм асуудал яригдаад байгаа" хэмээн хэлсэн юм. 

Мөн үргэлжлүүлэн "Вакцин гэдэг бол гаднаас орж ирж байгаа гаднын биет шүү дээ. Гаднын биет орсноор тухайн малын биед хамгаалах урвал явагдаж, улмаар идээ үүсдэг. Энэ нь малын биеийн онцлог, хариу урвал үзүүлэх чадвар, дархлаа зэрэг бүх зүйлээс шалтгаалаад ганц нэг тохиолдоно. Түүнээс биш вакцин тарьсны дараа бүх малын мах идээ бээртэй болно гэсэн үг биш.

Ерөнхийдөө малын гоц халдварт өвчний бүх вакцины үед 28 хоног буюу сарын дараа мах, сүүг нь хэрэглэж болно. Үүнийг малын эмч нар маань малчдад хэлж зөвлөдөг. 

Малчид маань энэхүү заавар зөвлөгөөг дагах нь чухал. Мөн малаа вакцинд хамруулсан тохиолдолд 21-28 хоногтоо мал эмнэлгийн гэрчилгээг гаргахгүй байгаа.

Зарим тохиолдолд хувь иргэд тодорхой хэмжээний антибиотикийг дур мэдэж тариад буглуулж шархлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, тусгай зааврыг баримтлалгүй тарьснаас идээ бээр үүсэж болно. Тэр болгоныг вакцинаас гэж хэлбэл өрөөсгөл ойлголт болох юм" хэмээн хэллээ.