Замын түгжрэлийг хэрхэн шийдэх талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр "Түгжрэл гэдэг бол импортын машиныг хориглох, дугаар хязгаарлах байдлаарх шийдэх асуудал биш. 1970-аад оны дундуур Улаанбаатар хотын тавугаар ерөнхий төлөвлөгөө хийх явцад тухайн үед 80 гаруй мянган автомашинтай байна гэж зураг зурагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын хөдөлгөөнд 600-615 мянган машин оролцож, ямар байдалтай байгааг бүгд мэдэж байгаа.

Тиймээс маш олон ажлын нийлбэр цогцоор шийдэх ёстой. Хөдөө орон нутаг руу шилжин суурьших асуудлыг төр засаг бодлогоор дэмжих хэрэгтэй. НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид буруу рультэй автомашиныг цаашид он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар иргэдээс санал асуулга явуулах тогтоолын төсөл боловсруулж байгаа гэж сонссон. Цаашид тойрог хурдны зам, метро, LRT, хотоос гадагшлуулах гэх мэт том төслүүд хэрэгжих хүртэл бид яах вэ гэдгээ олон нийтээр шийдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна" гэлээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Гадаад харилцааны яамнаас хоёр асуудал хэлэлцүүлсэн. Нэгдүгээрт, ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцох тухай юм.

Энэ удаагийн чуулган нь шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд сэдвийн хүрээнд есдүгээр сарын 20-26-нд болно" гэлээ. 

Хоёрдугаарт Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь улс орны хувьд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ үеэр томоохон төсөл болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын асуудал, эрчим хүч нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзана" гэлээ.

Япон улсын Засгийн газар манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон зээл тусламжаа зогсоолоо гэх мэдээлэл цахим орчинд амралтын өдрөөр тархсан. 

Үүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр "Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй, ташаа мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн үл ойлголцол үүсгэх, үйл итгэлцлийг бий болгох гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж болохоор байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Монгол Улс Япон улстай иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлж байгаа. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна" хэмээв. 

Ойг тэмдэглэх комиссыг Гадаад харилцааны сайд ахалж буй бөгөөд энэ хүрээнд жилийн туршид 100 гаруй арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Мөн ойг тохиолдуулан Япон улсын Гадаад харилцааны сайд Монголд айлчилсан билээ. 

Түүнчлэн БНСУ руу зорчих транзит нислэгт заавал виз авах шаардлагатай болжээ гэх мэдээлэл гарсан. Энэ талаар хатагтай Б.Батцэцэг "Бүх нислэг БНСУ-аар транзит явж байгаа учир худал ташаа мэдээлэл тараах нь ихээхэн хортой.

Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж буй бодлогод сөргөөр нөлөөлүүлэхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг оон улсын тавцанд хадгалах, өндөрт өргөхөд туслалцаа үзүүлэхийг хүсэж байна" гэв.

Зориудаар тарааж буй мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандах гэж байгааг тэрбээр мөн илэрхийлэв. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав:   

-Бид өнөөдөр нийт 14 асуудал хэлэлцэв. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах шинэ хороодыг эмхлэн байгуулах үүргийг ЗГХЭГ-т өглөө. Нийслэлийн түгжрэлийн асуудлыг эрхэлсэн сайд томилогдсон тул Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, спортыг дэмжих зэрэг 20 орчим үндэсний хороо байгуулна. 

2023 оны улсын төсвийг сэтгүүлчид, олон нийтээр ирэх сард ил тод хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барина. Иргэдэд төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлэх боломжийг олгоно.

“Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, Баялгийн сан болгох ажлыг сүүлийн нэг жилийн турш хийсээр байна. Энэ компанийг удирдах гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй зарлах үүргийг Ерөнхий сайд өглөө. Сингапур, Норвегийн баялгийн санд ажилласан туршлагатай, гадаад болон дотоодын иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлана.   

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн тооллогыг таван жилд нэг удаа хийдэг. Сүүлийн тооллогоор 180 мянган ААН тоолжээ. 53 мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна.

2016-2021 оны хооронд 61 мянган ААН шинээр бүртгүүлжээ. Татан буугдсан 14 100 ААН байна. Татан буулгахад олон шат дамжлага шаардлагатай байдаг тул ихээхэн сунжирдаг юм байна. Эдгээрийг бууруулах, ААН-ийн дарамтыг бууруулах, хүнд суртлыг арилгах шийдвэр гарлаа.

Төрийн бүтцийг хялбаршуулна. Ерөнхий сайд ирэх оны нэгдүгээр сараас МХЕГ-ын чиг үүргийг өөрчлөх боллоо. Яамд руу зарим хяналт шалгалтыг шилжүүлнэ. Жишээ нь эрүүл мэндийн хяналт шалгалтыг цаашид Эрүүл мэндийн яам хариуцна. Харин МХЕГ төрийн байгууллагуудад хяналтаа үргэлжлүүлнэ.

Нийслэлийн түгжрэлийг зөвхөн машинтай холбон ойлгож болохгүй. Дугаарын хязгаарлалт эхлүүлснээр нийслэлийн машины тоо 30 хувиар өссөн. Дутуу шийдвэрийг олон нийтэд танилцуулж болохгүй. Тооцоо судалгаатай, эрдэмтдийн саналд үндэслэн шийдвэр гаргана.