Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг. Сүүлийн үед амаа мэдэхгүй ярьдаг сайдууд олон болсон. Ард түмний гэдэнг хөдөлгөсөн юу хамаагүй ярьж хэлдэг. Үүний нэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа буусан Д.Сарангэрэл. Тэрээр “Манай яамныхан “улны айл” гэж нэрлэдэг юм байна.

Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх гэсэн үг. “Ядуу” гэдэг үгийг хэрэглэхээ больчихсон, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гээд байгаа юм. Ямар миний найз зорилтот бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, “ядуу” гэдгээрээ явах нь зөв байх. Ямар ч байсан эхний ээлжинд манай яамныхны хэлдгээр “улны” буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Үүнээсээ ч болж огцорлоо. Ам алдвал барьж болдоггүй гэдэг ямар үнэн үг вэ гэдгийг бүгд харлаа. Хамаа намаагүй үг амнаасаа унагах нь тухайн улсууддаа ч ямар халгаатайг харлаа.

Угтаа Үндсэн хуулиндаа бид “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Ер нь ганц сайд, дарга гэлтгүй иргэдийн төлөө ажиллах ёстой төрийн алба хаагчид “улны айл” хэмээн иргэдээ дорд үздэг байх юм.ХНХ-ынхан иргэдийнхээ амьдралыг хамгийн сайн мэдэх ёстой атал ард иргэдийг элдвээр нэрийдэж суудаг байх нь. Ард түмнийг ул шалаар нь дуудаад байгаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шалгалт оруулж, үнэн мөнийг ард түмэнд дэлгэх хэрэгтэй. Өөр хаана, аль яам, аль төрийн газар иргэдийг дуудаж ярьж байна бүгдийг илрүүлэх хэрэгтэй байна.

Иргэдийнхээ ядуу зүдүү байдлыг үл ойшоодог, бараг доог тохуу хийдэг сайд үүгээр дуусахгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Самранд явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг. Хөнгөн бэртвэл бараг аз гэж тооцож болно. Хүнд бэртэл нь өндөр, нас баралт нь бүр өндөр” гээд хээв нэг хэлээд сууж байсан.Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг хариуцахаар томилогдсон Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг.Ламаас асуусан цагаар ихэвчлэн явдаг. Тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг” гэж хэлж байх жишээтэй.Бас болоогүй Сангийн яам НӨАТ-ын сугалааг дахин эхлүүлж буйгаа сурталчилсан контентыг цахим хуудастаа байршуулсан. Энэхүү контент нь НӨАТ-ын баримт уншуулдаг хүн өлөн гэсэн утга илэрхийлж байв.

Энэ мэтээр эрх баригчид ард түмэндээ яаж дээрэнгүй ханддаг болсон нь үг, үйлдлээс нь харагдаж байна. Сав л хийвэл ард түмнээ дорд үздэг, амьдралаас тасарсан, хариуцсан ажлынхаа тооцоо судалгааг мэдэхгүй, мэдрэмжгүй сайд нар олонтой болжээ.Хариуцлага хүлээх сайдууд олон бий. Бас дутуу л байна. Уг нь гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа төрийн сайд хүн УИХ-ын гишүүдээс ч илүү иргэдийнхээ амьдрал ахуйг мэддэг байх учиртай. УИХ-ын гишүүн хүн ёс зүйн шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Гэтэл сайдуудад ёс зүйн дүрэм гэж алга. УИХ-ын гишүүн болсон хүн нэмээд сайд болно гэвэл шаардлага нь улам өндөр болох хэрэгтэй байна. МАН-ын эрх баригчид, Засгийн газар өөрсдөө энэ нийгмийг ядууруулж хоосруулах, түүнийхээ дараа кастын систем тогтоох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн эрх барьж байгаа МАН ард иргэдээ янз бүрээр доромжилдог жишиг тогтчихлоо ч гэж үзэх хэсэг байна. Арга ч үгүй юм. Сайдаасаа эхлээд ард түмнээ алаг үзэж янз бүрээр нэрийдээд байхаар ард иргэдийн гэдэн хөдлөхгүй гээд ч яахав.

Сүүлд гэхэд л Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд албан хаагчдаа “даргын зарц” хэмээн дуудав. Тэрбээр, “Чи ямар олон зарцтай байна. Би чамаас олон зарцтай мөртлөө бүгдийг ойлгоод, өөр дээрээ хариуцлагаа аваад эрхээ ч эдэлж байна, үүргээ ч биелүүлээд явж байна. Чи дарга хийвэл хийсэн шиг хий” гэж хэлэв. Аймгийн Засаг дарга нь ажилчдыг зарц гэж дуудаж, сайд дарга нар нь иргэдээ ул, өлөн гэж доромжилж суугаа нь эмгэнэл.

Ер нь улстөрчид цахим хэрэглээнд найр тавихын тулд төрийн нууц гэж байхаа ч больсон.Өөрсдийн гэсэн хэвлэлтэй,телевиз, цахим хэрэглээг бүр эзэгнэчихсэн. Хэн дуртай нь хэвлэл дуудаад ярьдаг. Ярих тусмаа алдаа гаргаад байгаагаа мэддэггүй. Хийж байгаа ажлаа тайлагнах нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч яах гэж хажуудаа хэвлэлтэй байдаг юм. Тэднийхээ зөвлөгөөг ав.Албан ёсны хэвлэлийн албараа дамжуулж мэдээ мэдээллээ нийтэд жигд ойлгомжтой хүргэ л дээ.

Монголчууд ам бөх бол амь бөх ч гэж ярьдаг.Нэгэнт амнаас гарчихсан үгийг мянга зөвтгөх гэж оролдоод нэмэргүй. Яг тэр чигээрээ ард түмэнд буучихсан байдаг. Амаа мэдэж явсан нь л улс төрд үлдэх гол дархлаа чинь болох нь байна шүү, улстөрчид өө.