Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 11 минутад "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй хашаанд байшингийн зооринд 40 орчим настай эмэгтэй хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нарыг оролцуулан хэргийн газрын үзлэгийг хийхэд гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогджээ.

Амь хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулахад биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр сураггүй алга болсноор бүртгэгдсэн Л мөн болохыг тогтоосон.

НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж Баянзүрх дүүргийн дугаар тоотод оршин суух 22 настай эрэгтэй Ч нь урьдчилсан байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгааны улмаас зодож биед нь гэмтэл учруулан, улмаар түүнийг хүчирхийлж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.