Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Төрийн албан хаагчид ипотекийн зээлээс бусад зээлд хамрагдахыг хязгаарлаж байгаа юм байна. Энэ зээлийн хүртээмж ямар байна вэ? Орон сууцтай болохын тулд арилжааны банк, найз нөхөд, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах шаардлага үүснэ. Төрийн албан хаагчид бол хамгийн бага хүрч ядсан орлоготой хүмүүс. Олон эх үүсвэрээс зээл авахыг хуулиар хязгаарлавал төвөгтэй байдал үүснэ. Төрийн албан хаагчид заавал ядуу тарчиг амьдралтай байх ёстой юм уу? Хуульд хориглоогүй үйл ажиллагаа явуулаад таван төгрөг олохыг нь төр яагаад зөвшөөрч болдоггүй юм бэ? 

Төрийн албан хаагч гэхээрээ ядарсан амьтан байх ёстой юм уу? Төрийн албанд ажиллах хүн олдохоо байлаа" гэв. 

Төрийн албан хаагчид зээл хэлбэрээр авлига авдаг

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Төрийн албан хаагчид АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн жилийн орлогынхоо 80 хувиас дээшгүй хэмжээний зээл авахыг хориглох заалт оруулж ирсэн. Төрийн албан хаагчид зээл хэлбэрээр авлига авдаг гэсэн судалгааг АТГ гаргасан байна. Уг судалгаанд үндэслэж хуулийн зохицуулалтыг оруулж ирсэн. Төрийн алба авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг хуулиар зохицуулах хэрэгцээ шаардлага байна. 

Эрүүл мэнд, орон сууцны зээлээс бусдыг АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид авахыг хуулиар хориглох заалттай хуулийн төсөл өргөн барьсан.

Төрөөс баталгаа гаргасан төсөл хөтөлбөрийг улс төрийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчдаар дамжуулж авсан гэмт хэргийг хоёр жилийн хугацаанд ярьж байгаа. Улс төрд нөлөө бүхий хүмүүс өөрийнхөө хамаарал бүхий сан, ЖДҮ, Хөгжлийн Банк, тариалан эрхлэх сан зэргээр дамжуулж зээл авснаар манай улсад ямар эрсдэл үүссэнийг бүгд л мэдэж байна" гэдгийг хэллээ. 

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлжээ.