Дизель түлш тасраад сар дамналаа. Өнгөрсөн сарын дундаас нийслэл болон орон нутгаар дизель түлш хомсдож эхэлсэн. Нефть импортлогч компаниуд энэ хомсдол нь түр зуурынх, хэд хоногоос хэвийн болно гэсэн жижүүрийн үгтэй угтаж байв.

Тэгвэл арванхоёрдугаар сар гарахад нөхцөл байдал улам хүндэрлээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод гэхэд дизель түлш олгож байгаа ШТС алга байв. “Магнай трейд” компанид аль өнгөрсөн сараас дизель түлш тасарсан байсан. Тэр хэвээрээ, түгээгчид дизель түлш авахаар ирсэн жолооч нарыг буцаасан хэвээр. “Сод Монгол” ШТС жижиглэнгээр худалдаалахгүй, гэрээт байгууллагууддаа квоттой олгож байсан бол саяхнаас бүрмөсөн тасарчээ. Түгээгчид нь “Дизель түлш хэзээ ирэх нь тодорхойгүй байна” гэж байлаа.

“Шунхлай” ШТС-ууд ч ялгаагүй байна. “Өнгөрсөн долоо хоногоос тасарсан. Хэд хоногоос ирэх сурагтай. Баталгаатай хэлж чадахгүй” гэсэн тайлбарыг хэлж байсан юм. Гандангийн дэнж дээрх “Петровис”-д дизель түлш бас л алга. Түгээгч нь “Манай салбарын дизель түлш дууссан. Өөр салбаруудаар байгаа байх” гэх. Өнгөрсөн удаагийн сурвалжилгын үеэр “Тэс петролиум” дизель түлш чөлөөтэй худалдаалж байсан бол бас л тасарчээ. Жижиг компаниудад ч түгээлт алга. Нэг ёсондоо Улаанбаатар хотын хувьд ШТС-ууд дизель түлш худалдаалахгүй байна. Нөөц байхгүй, хэзээ түлш ирэх тухай ч тодорхой мэдээлэл байхгүй байна. Харин эсрэгээр нь фэйсбүүк сүлжээнд шагийн худалдаа гаарч байна. ШТС-уудаар литр тутам нь 3850 төгрөгөөр хулдалдаалагдаж байсан дизель түлшийг ченжүүд 4500 төгрөгөөр зарж байна.

ШТС-уудаар худалдаалахгүй байгаа учраас хот доторх дизель түлш хэрэглэдэг жолооч нар ченжүүдээс авахаас аргагүй болжээ. Гэвч гар дээрээс худалдаалж байгаа дизель түлш өндөр үнэтэйгээс гадна чанарын асуудал хөндөгдөж эхэлжээ. Шагийн түлш аваад хөдөө орон нутаг руу гарсан хүнд даацын машинууд замдаа зогссон талаар гомдол олон байна. Энэ талаар жолооч Г.Доржсүрэн “Хувь хүнээс түлш авсан юм. Хүнд даацын 35 машин өвлийн хүйтэнд тээвэрт гараад гацчихлаа. Худалдаж авсан дизель түлшээ хийсэн. Огт асахгүй байна. Хаана хандаж яаж асаахаа мэдэхгүй юм. Ченжүүд хүний амь амьдралыг бодмоор юм” хэмээж бухимдаж байв. Түүнчлэн хот хооронд тээвэр хийдэг жолооч Ч.Эрдэнэжаргал “Дизель түлш маш ховор байна. Уг нь нөөц байгаа боловч зохиомлоор хомсдол үүсгээд байгаа болов уу гэж хардаж байна. Учир нь шагчдад дизель түлш хэдэн зуун тонноор нь байна шүү дээ. Дизель түлш бол бензиний хажууд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Хөдөө аж ахуйн бүх техник тоног төхөөрөмж, улс болоод хот хоорондын бүх тээвэр ложистик, үйлдвэрлэлийн зарим салбар уул уурхайн бүтээгдэхүүн, цахилгаан дулаан бүгд дизель түлштэй хамаатай. Бензин бол яахав. Олдохгүй бол автобус, вагон гээд зөндөө сонголт байна. Ер нь төр дизель түлшээ хянаж чадвал суурь үнэ 20 орчим хувиар буурах юм шүү дээ. Гэтэл дизель түлш хомсдоод шагийн гарт орсон нь улс төрийн зорилготой болов уу гэж дагуу харддаг байна” гэж байв. Тэгвэл хамгийн ноцтой нь уул уурхайн компаниуд дизель түлшний хомсдолд оржээ.

“Эрдэнэс Таван толгой”-н уурхайгаас Цагаан хад руу нүүрс тээвэр хийдэг нэгэн компанийн захирлаас цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

-Орон нутгаар түлш хомсдоод байна гэсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Шатахууны олдоц маш муу байна. Үнэ хөлс нь хамаа алга, олдож л байвал авмаар байна.

-Үнэ ханш хэр байх юм?

-Литр нь 5000 болсон шүү дээ. 5000-аараа олдож байгаа нь ч муу байна. Өмнө нь бид 3730 төгрөгөөр авдаг байсан. Дараа нь лирт тутам нь 3830, 3980, 4050 гээд өссөөр 5000 болоод байна.

-Түлш тасраад байгаа шалтгааныг юу гэх юм бэ?

-“Цаанаасаа ирэхгүй байна” гэдэг л тайлбар хэлэхээс өөр юм алга. Гэтэл Уул уурхайн сайд Ж.Ганбаатар хэвлэл мэдээллээр дизель түлш хэвийн байгаа гэж яриад байх юм. Үнэхээр гайхаж байна. Тэр хүн хөрсөн дээрээ бууж, нөхцөл байдлаа хараасай. Гаднаас мөнгө оруулж ирдэг ганц салбар уул уурхай зогсох нь байна шүү дээ.

Нэг удаадаа манайх найман тонн түлш хэрэглэдэг. Нэг дор ингэж олж авч чадахгүй байгаа учраас тээврээ бүрэн хүчин чадлаараа хийж чадахгүй байна. Энэ бол аж ахуйн нэгжид ч, улс оронд ч маш хохиролтой явдал. Одоо манай машинууд түлшгүй зогсож байна. Жолооч нар ч хэцүү байдалд орчихлоо. Жолоочоо буцаачихаар машин хөлдөх эрсдэлтэй учраас ч аль аль нь гацчихсан байна. Манайх шиг маш олон компани байгаа. Уул уурхайнхан нийтээрээ л ийм нөхцөл байдалтай байна гэв.