Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Аливаа зүйлд хүчирхийллийн бус аргаар хандаж, тайван жагсаал хийх хэрэгтэй. Энэ эрхээ эдлэхийн тулд тодорхой хууль тогтоомжийн хүрээнд бүртгүүлж, зохион байгуулж, хууль ёсны шаардлага тавих ёстой. Гэтэл энэ нөхцөл байдал маань тодорхой хэмжээнд хуулиас давах, хүчирхийлэлд шилжих нөхцөл сүүлийн хэдэн цагт ажиглагдаж байна. Иргэдийнхээ тайван замаар жагсаал хийх эрхийг хүндэтгэж байна. Өнөөдрийн жагсаал Үндсэн хуулийн дагуу бүртгэл хийгдээгүй, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдүүлээгүй байгаа. Энэ эрхийг хуулийн хүрээнд хийхийг уриалж байгаа юм. 

Жагсаалын агуулгыг өөрчлөх сэдэл ажиглагдаж байна. 

Нүүрсний хулгайд шалгагдаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" компанийн өмнөх удирдлагууд өмнөх алба хаагчдаа олон нийтийн сүлжээгээр жагсаалд оролцохыг уриалж байна. Мөн бага насны хүүхдийг татан оролцуулах төрийн эрхийн хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байгаа. 

Шинэ жилийн арга хэмжээнд зориулсан гацуурыг шатаахад мансуурах бодис хэрэглэсэн байсан. Далимдуулж хууль бус үйлдэл хийх, хууль бус үйлдлээ далдлах гэж жагсаал хийдэг болоод байна.

Залуусын үзэл бодлоо илэрхийлэх жагсаалыг сүүлийн үед олны анхаарал татсан хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүд гуйвуулж, төрийн эрхийг хууль бусаар авахад турхирах, төрийн хамгаалалтад байгаа эд зүйлийг эвдэн сүйтгэх нөхцөл байдлууд үүсээд байна. 

Бусад иргэдийн эрхийг зөрчих, амгалан тайван байдлыг алдуулах нөхцөл үүсээд байгаа юм. Иймд Үндсэн хуулийн 16-д заасан эрхээ эдлэхдээ Монгол Улсын ҮАБ-д заналхийлж, нийгмийг хохироохгүйгээр эдлэхийг залуусаасаа, жагсаалд оролцож байгаа иргэдээсээ хүсэж байна. 

Насанд хүрээгүй хүүхдүүд мөн жагсаалд орж байна. Ар гэрийнхэн нь анхаарахгүй бол эмх замбараагүй байдал үүсэх, хатуу биет шидэх байдал гарч байгаа тул иргэд эрүүл мэндээр хохирч болзошгүй байна. 

Алба хаагчид бэртсэн тохиолдол гарлаа. Иймээс хууль бус үйл ажиллагаанд татагдах орохгүй байхыг уриалж байна. 

Жагсаал цуглаан зохион байгуулах хуулиар Нийслэлийн Засаг Даргад жагсаалыг бүртгүүлэх ёстой. Энэ жагсаалыг бүртгүүлээгүй гэж хэлсэн. Нийтийг хамтарсан энэ жагсаал төрийн тусгай объект руу халдаж байгаа тул хуулийн дагуу жагсаал цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг Даргын захирамж гарлаа. Мөн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа болон оролцож байгаа иргэдэд тараах уриалгыг хоёр цагийн турш хийнэ" гэлээ.

Захирамж 19:00 цагт гараад албажаад явж байна.