Засгийн газрын шийдвэрээр энэ оны аравдугаар сарын 26-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон.

Тухайн өдрөөс хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК 369.5 сая ам.долларын үнэ бүхий 4.2 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн борлуулснаас 1.5 сая тонныг Гашуунсухайт боомтоор борлуулаад байгаа аж.

Одоогоор 369.5 сая ам.долларын борлуулалт хийснээс Монголбанканд 143.8 сая ам.долларыг тушаажээ.

Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Нүүрсээр барагдуулах гэдгээр 51.1 сая ам.доллар, урьдчилж олсон орлого дээр 185.8 сая ам.доллар гээд Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 500 сая ам.доллароос 396.5 сая ам.долларыг борлуулалтаас олоод байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК аравдугаар сарын 5-ны байдлаар 603 сая ам.долларын урьдчилж олсон орлого буюу мөнгийг нь урьдчилж аваад, дараа нь нүүрсээ өгөх нөхцөлтэй өр төлбөрийн асуудал байснаас 185 сая ам.долларыг өнгөрсөн сард барагдуулж ажилласан.

Үлдэж буй 418 сая ам.долларыг богино хугацаанд барагдуулна. Үүний дараа урьдчилж мөнгийг нь авахгүйгээр нүүрсээ борлуулж, борлуулсан орлогоо төвлөрүүлдэг, олдог зарчимд шилжихгүй бол валютын орох урсгалд хүндрэл учирч байна" гэлээ. 

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар офтейк гэрээг ил болгох асуудлыг дэмжсэн. Гэхдээ Гадаад Харилцааны Яамаар дамжуулан гэрээний нөгөө тал болох БНХАУ-ын хөрөнгө оруулагч компаниас зөвшөөрөл авсны дараа ил болгох ёстой болж байгааг тэрбээр мөн мэдээлэв. 

Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хэлснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр байгуулагдсан ажлын хэсэг нийт есөн гэрээг ил болгох хүсэлт тавьсан байна. Тэрбээр "Нийт есөн гэрээг ил болгох хүсэлтийг тагнуулын байгууллагаас дэмжсэн, Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн. Гэрээний нөгөө тал зөвшөөрвөл ил болгоно" гэсэн юм.