Л.Гантөмөр сайд аа, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүд удаа, дараалан устгагдаж байна. Таныг элдэв янзын том талбай түрээсэлж, ээлж дараалсан уулзалт зохион байгуулах хооронд хүүхдийн сурч боловсрох нөхцөл шалдаа буужээ. Өчигдөр гэхэд л хэвийн үйл ажиллагаа явуулж байсан Баянзүрх дүүргийн, VI хороо, Оюутны хотхонд байрлах нийслэлийн 59 дүгээр цэцэрлэгийн шал гэнэт цөмөрч, олон жилийн угшилтай “булхай” нь илрэв.

Сийрүүлбэл, цэцэрлэгийн угаалгын өрөөний шал тэр чигтээ цөмөрч, хүүхэд эрсдэх өндөр магадлалыг дагууллаа. Азаар таван минут ч тогтвортой сууж чаддаггүй хүүхдүүд шал цөмрөх үед тухайн өрөөнд байж таарсангүй. Гэхдээ ариун цэврийн өрөө жагсаалтаас гарсан учраас тус цэцэрлэгийн үйл ажиллагаа үндсэндээ өнөөдрөөс эхлээд зогсож байна. Тиймээс улсын нэртэй ч урсгал засвар орсон удаагүй цэцэрлэгийн 170 гаруй багачууд сургуулийн өмнөх боловсролын сааталд оров. Чийг ханхалсан тус цэцэрлэгийн шал нэгэнт байхгүй болсон учир удаан хугацааны саатал хэмээн тодотгож ч болно. Нөгөөтэйгүүр, уур, чийг, удаан жилд “өвгөрсөн” цэцэрлэг шалаараа дамжуулж сэрэмжлүүлэг дайж байна. Тиймээс хүүхдийн хөл даахгүй болтлоо хөгширсөн 59 дүгээр цэцэрлэгт эрс шинэчлэл хийх цаг иржээ.

Уг нь эл цэцэрлэг Боловсролын яамны бөөрөнд шахуу байрладаг юм билээ. Тиймээс сайдын сэнтийд заларснаас хойш шагайж ч үзээгүй тус цэцэрлэгийн талаар танд танилцуулаад өгье. Нийслэлийн 59 дүгээр цэцэрлэгийн байр 1968 онд 100 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад оржээ. Тодруулбал, цутгамал чулуун бетон суурьтай, тоосгон даацын болон төмөр хучлаган дээвэртэйгээр ашиглалтад орсон байна. Харин дээрх хугацаанаас хойш ганцхан удаа буюу 2007 онд 10 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн баримт бичигдсэн байна. Энэхүү мөнгө нь сантехникийн шугам сүлжээг хэсэгчлэн солиход шаардагдсан аж. Гэтэл өнөөх насгүй, чанаргүй сантехникээс болоод ус, чийг нь дийлдэхээ больж өнөөдрийн нөхцөл байдалд замчилсан байх юм. Мөн тус цэцэрлэгт 2010 оны зургадугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж, Улсын байцаагчийн дүгнэлт үйлджээ. Тэрхүү дүгнэлтэд, “Барилгад анхнаасаа газар хөдлөлтийн эсрэг ямар нэг арга хэмжээг төлөвлөөгүй байгаа нь “Газар хөдлөлтийн бүс нутагт барилгыг төлөвлөх, барилгын норм ба дүрэм”-ийг зөрчсөн байна. Таазны модон хийц элемэнтүүд суултад орсноор таазанд ан цав гарсан, ханын шаардлагад ташуу цууралт гарсан, халаалтын дотор шугам зэврэн ашиглалтын шаардлага хангахгүй байгаа” хэмээн дурьджээ. Гэтэл мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй холбогдуулж, ямар ч арга хэмжээ аваагүй байна. Үүнээс үүдэж өнөөдөр шал цөмөрч 170-н хүүхэд цэцэрлэггүй, цаашлаад харах хүнгүй хоцорч байна. Харин өнөөх дүгнэлт үйлдээд буцдаг хэдэн нөхдүүд дүгнэх зүйлгүй шалыг дахин ирж дүгнэлээ. Тэд “Тус цэцэрлэгийн шугам өрөөний шал цөмөрсөн, хоёр талын хана цуурч, барилга нурах магадлалтай. Мөн бохирын хоолой хугарч, сантехникийн шугам гэмтсэн байна. Тиймээс хүүхдүүдийг яаралтай тарааж, хүүхэд хүлээж авах ажиллагаа явуулах боломжгүй учраас үйл ажиллагааг зогсоолоо” хэмээв. Одоо яах вэ, Л.Гантөмөр сайд аа. Хэдүүлээ хүрэлцээ муутай хэдхэн цэцэрлэг байдгийн нэгийг өөрсдийн хайхрамжгүй зангаасаа болж золигт туучихлаа. Хүүхэд гэдэг улсын амин чухал эрдэнэ. Харин албан тушаалтнууд хэтэрхий хайнга зангаасаа болж, хүүхдийн ирээдүйг баллах дөхөв.

Тиймээс танд шал байтугай хана нь цөмөрч болох нөхцөл байдалд байгаа өөр нэг цэцэрлэгийг сэрэмжлүүлэг болох үүднээс дахин танилцуулъя. Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хороонд 35 дугаар цэцэрлэг бий. Харин тэрхүү байгууллагыг цэцэрлэг гэхээс илүүтэй хүүхдэд зориулсан “саун” гэвэл зохилтой. Учир нь амьсгалах агаараар тун дутмаг тэрхүү цэцэрлэгийн байр бас л хуучнынх. Тус барилга нь Хөдө аж ахуйн сургуулийн харьяанд байдаг бөгөөд сургуулийн багш, ажилчдын байр гэгддэг. Нэг давхарт нь 35 дугаар цэцэрлэгийн багачууд орогнодог бол хоёр давхарт нь 18 айлын орон сууц байрладаг. Мөн л тус байрыг 2003 онд “Акт”-нд дансалж, ашиглах боломжгүй хэмээж байв. Түүнчлэн дээрх цэцэрлэгийн адилаар хана нь цууралт өгч, хатгаа ханиад салдаггүй. Цонх, битүү мөгөөнцөрдөж, хаалга нь хаа сайгүй зай завсартай болсон байна. Хаврын хавсарга хүчтэйхэн “үлээхэд” хийсээд алга болихоор тийм л хөөрхийлөлтэй харагдана. Гэсэн ч өдийг хүртэл үүнд анхаарлаа хандуулсан түшээ төрсөнгүй. Тиймээс Л.Гантөмөр сайд аа, эх орны ирээдүй болсон, эрх танхил бяцхан үрсийг “байлдааны фронт” руу бүү явуулаач.

 “NT” © Б.ШИРНЭН