УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар шатахуунтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Дизель түлшний үнэ дахиад өсөхгүй гэх баталгаа хаана ч алга. Нефтийн бүтээгдэхүүний 80 хувийн үнийг таван хувиар өсгөх гээд байгаа юм. Уурхайнууд хэцүү байдалд орно. Үүнийг хэлээд байхаар зөрөөд байх юм. Хөдөөгийн ард түмэн дизель түлшийг машиндаа хийж, ажил хөдөлмөрөө биелүүлдэг. Хамгийн чухал тос. АИ-92 шатахуун бол Приус автомашин унадаг ажилгүй нөхдийн хэрэглээ. Гэхдээ дизель түлш, АИ-92 шатахуун ч ард түмний чухал хэсэг. Тийм болохоор аль алиных нь үнийг нь хямдруулах боломжтой байдлаар орхих талаар ярьж байгаа юм. Түүнээс биш үнэ нэмэх тухай асуудлыг яриагүй. 

Зөвхөн АИ-92 шатахууны татварыг хугацаа нь дууссан учраас сонгоё гэж орж ирсэн юман дээр нэмээд дизель түлшийг нь өндөр татвартай болгоод, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн барьсан хулхи шатахууныг татваргүй болгох тогтоол хамт өргөн барьж байна. Цаашид хуурамч шатахуун таван хувиар хямд үнэтэй болох нь. Ориг шатахуун таван хувиар илүү үнэтэй болох юм байна. Аль хямдыг нь л худалдаж авна. 

Монгол Улс тэр чигтээ машингүй болно. Дизель түлшний бүх мотор дуусна. Багануур компанийн 40 мотор эвдэрсэн тухай ярьж байсан. Арвилах зүйлийг амсраасаа гэдэг. Яагаад ийм зүйлийг ойлгодоггүй юм бэ? Одоо тоглож ханалаа. Нүүрсний салбар хулгай гэж муухай юмаар дүүрчихлээ. Харин нефтийн салбарт хулгай оруулж ерөөсөө болохгүй. Мэддэг салбар учраас би яриад байгаа юм. Түүнээс биш ашиг сонирхлын зөрчил байхгүй. Ард түмэн ядраад байна шүү дээ" гэсэн юм.