Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага бүхий агуулгатай зөрүүтэй, түүнчлэн шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулахаар Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. “Сүү” ХК-аас албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн. Иймд ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн шаардлага болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тус компанид шаардлага хүргүүллээ.

“Сүү” ХК-ийн зүгээс Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч буй талаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/90 дугаартай албан бичгээр хариу ирүүллээ. Тус компани “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр, дизайн болон сав боодлын мэдээллийг шинэчилж, зарим сүүний шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тэмдэглэж байсныг орц найрлагаас хамаарч аль нэгийг тусгахаар өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан шинээр сав боодол захиалж хийлгүүлэн, тоног төхөөрөмжийн тохируулгын ажлыг хийж эхлүүлсэн байна.

Дээрх зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээлэл шинэчлэгдсэнээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм.