Монгол оронд болж буй газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбаттай ярилцлаа. 

-Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлт идэвхжих боллоо. Сүүлд та мэдээлэл хийх үеэрээ зүүн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил яагаад нэмэгдэж байгааг ойрын хугацаанд судалж эхэлнэ гэсэн байсан. Холбогдох судалгааг хийж байгаа эсэх талаар яриагаа эхэлье? 

- Юуны өмнө газар хөдлөлт гэж юу гэдгийг товч тайлбарлах хэрэгтэй байх. Газар хөдлөлт гэдэг газрын хэвлий буюу чулуулаг мандалд их хэмжээний энерги хуримтлагдаж, тэрхүү энерги ямар нэгэн аргаар чөлөөлөгдсөнөөр газрын хэвлийгээр тархах үзэгдэл. Энгийнээр хэлбэл газрын гүндэх 2-3, хамгийн гүндээ 25 хүртэлх километрт болж буй процесс юм.

Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 12-нд болсон газар хөдлөлт бол 13 орчим км-ын гүнд болсон. Магнитуд нь 6.8-тай газар хөдлөлтийг үүсгэсэн эвдрэл маань газрын гүнд байгаа чулуулгаа цааш нь эвдэх, эмтлэх процесс одоо явагдаж байгаа. Ер нь хүчтэй газар хөдлөлтийн дараа давталт хөдлөлт хэдэн зуу, хэдэн мянгаараа болдог. Тухайн орчин бүрэн эмчтэрч дуусаад тайван байдалдаа ортол эвдрэх процесс явагдана. 

- Ханх суманд болж байгаа давтан газар хөдлөлт өнөөдрийн байдлаар хэд хүрээд байгаа вэ?

- Ханхын хүчтэй газар хөдлөлтөөр өдөөгдсөн газрын гүн дэх эвдрэлийн процесс эрчимтэй явагдаж улмаар тухайн бүс нутагт 40 мянга гаруй давтан газар хөдлөлтүүд болчхоод байна. Хүчнээсээ хамаараад хүнд мэдрэгдэж болно. Мэдрэгдэхгүй ч байж болно. Гэхдээ одоог хүртэл хүчтэй хөдлөлт тус суманд болоод байгаа юм биш. 2021 оны гуравдугаар сарын 21-ний 12:00 цагийн байдлаар тус бүс нутагт 44,600 газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 185 удаа болсон байна. 

Зураг 1. Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд болсон магнитуд нь 6.5-тай газар хөдлөлт (шар өнгөөр тэмдэглэв) болон түүний давталт газар хөдлөлтүүдийн төвийн тархалт (улаан өнгөөр тэмдэглэв)

 

-Газар хөдлөлтийг урьдчилж тогтоох түвшинд дэлхий арай хүрээгүй байгаа гэж байсан. Гэхдээ судалгааны ажлууд үргэлжилж байгаа байх тийм үү?

-Дэлхийд газар хөдлөлтийг урьдчилж хэлээд, иймэрхүү хүчтэй газар хөдлөлт тэр цагт болно гэж хэлэх түвшинд өнөөдөр хүрээгүй байгаа. Мэдээж ийнхүү мэдэх түвшинд хүрэхийн төлөө дэлхийн бүх эрдэмтэн судлаачид ажиллаж байна. Энэ чиглэлийн судалгааны ажил дэлхийд маш ихээр хийгддэг. Манайд бас энэ төрлийн судалгааны ажлыг эхлэх суурь тавигдсан. 

Дэлхийн түүхэнд 1970 оны үед нэг л газар хөдлөлтийг Хятадууд урьдчилж хэлж чадсан. Гэхдээ дараагийн газар хөдлөлтийг мэдэж чадаагүй олон хүн ам үрэгдсэн байдаг. Газар хөдлөлт болгон өөр өөрийн гэсэн шинж чанартай. Нэг төрлийн шинж чанар өгдөггүй. 

- Газар хөдлөлт ямар тохиолдолд идэвхждэг вэ? Ханхын газар хөдлөлтийн шалтгааны тухайд?

-Шалтгаан ярина гэвэл хоёулаа тектоник хавтангийн талаар ярих хэрэгтэй болно. Газар хөдлөлт үндсэндээ хоёр тохиолдолд идэвхжээд байдаг.

  1. Байгалийнх. Тектоник хөдөлгөөн юм уу, идэвхтэй хагарлын дагуу идэвхжил эхэлж байдаг.
  2. Сүүлийн үед их яригдах болсон хүний үйл ажиллагаатай холбоотой идэвхжил. Тухайлбал уул уурхай ч юм уу, ус ихээр ашиглаж байгаа газруудад газар хөдлөлтийн идэвхжил ажиглагддаг.

Jump to navigationJump to search

Тектоник хавтан: Дэлхийн литосферийн хөдөлгөөнийг (шилжих буюу нүүх) тайлбарладаг, Геологийн шинжлэх ухааны онол юм. Энэхүү онол нь ХХ зууны эх болон 1960-аад оны үед боловсрогдсон, тивүүд нүүх, далайн ёроол тэлэх таамаглалууд дээр тулгуурлан бий болсон онол юм.

Зураг 1. Дэлхийн тектоник хавтангууд 

 

Одоогоос 50 сая жилийн өмнө Энэтхэгийн хойг маш эрчимтэйгээр нүүж орж ирээд Евроазийн хавтантай мөргөлдсөн. Энэ мөргөлдөөнөөс болж зүүн хойшоо чиглэлтэй маш хүчтэй түрэлт буюу 5 см түрж орж ирдэг түрэлт үүссэн юм. Монгол Алтайн нуруу, Говь-Алтайн нуруу, Хангай нуруу, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс нурууд тэр түрэлтийн нөлөөнд бүрэн нөлөөнд оршиж байна. Түрэлтийн эцсийн цэг нь Байгаль нууранд очиж бууж байгаа. Гэхдээ Байгаль нуур дээр шахалт үүсэх биш тэлэлт үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл Байгаль нуурын хоёр эрэг хоёр тийшээ салж байгаа ба жил 2-3 мм хэмжээгээр буюу маш багаар нүүдэг. Үүнтэй адил үзэгдэл Хөвсгөлд явагдаж, Хөвсгөл нуурын эрэг хоёр тийшээгээ тэлж байгаа. Яг ийм тектоник нөлөөний хөдөлгөөн дор Ханхын газар хөдлөлт боллоо. 

- Улаанбаатар хотын дундуур гарсан хагарал үүссэн талаар өмнө нь танайхаас мэдээлж байсан. Энэ талаар нэмэлт судалгаа хийгдсэн үү?

- 2005 оноос хойш Улаанбаатар хот орчим газарт газар хөдлөлтийн идэвхжил огцом ихэссэн. Жилд дунджаар 200 газар хөдлөлт болдог байсан бол одоо 1,000-аад газар хөдлөлт болдог болсон.

Судлаад үзэхэд Улаанбаатар хотыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байгаа нь тогтоогдсон болохыг бид өмнө нь хэлж байсан. Идэвхтэй хагарал гэдэг нь одоогоос хэдэн мянган жилийн өмнө энэ газарт маш хүчтэй газар хөдлөлтүүд болсон гэсэн үг. Улаанбаатараас баруун тийшээ 50 км зайд Хустайн хагарал бий. Энэ хагарал нь хамгийн багаар бодоход магнитуд нь 7.8-тай газар хөдлөлт хэдэн мянган жилийн өмнө болсны илрэл. Ийнхүү хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий зургаан идэвхтэй хагарал Улаанбаатар хотыг тойроод бий. Дурдвал, 

  1. Улаанбаатараас баруун тийш буюу Эмээлтийн хагарал хойноосоо урагшаа чиглэлтэй,
  2. Хустайн нурууг дамнасан 80-90 км үргэлжилсэн хагарал
  3. Улаанбаатараас урагшаа параллель хоёр хагарал
  4. Гачууртаас хойшоо 10 км зайд Гүнжийн хагарал /2010-2015 оны хооронд Гүнжийн хагарал дээр хүчтэй газар хөдлөөд Улаанбаатар чичирхийлэлд өртөж байв/.

Долоо дахь буюу Улаанбаатар хотын дундуур гарсан хагарлыг харин Японы эрдэмтэд тогтоосон. Үүнийг баталгаажуулж, насжилтыг тогтоох ажил удахгүй хийгдэх байх. Сая КОВИД-той холбоотойгоор эрдэмтэд гаднаас ирж чадаагүй тул судалгаа түр зогсчихсон байгаа. Японы эрдэмтдийн хэлснээр Налайхын Хонхор орчмоос эхлээд Улаанбаатар хот дундуур дайрч, Нарангийн энгэрийн хогийн цэг хүртэлх 50-аад км газрыг хамарсан эл хагарал нь 1,000 гаруй жилийн настай гэсэн. 

Монголын баруун, баруун өмнөд хэсгүүд газар хөдлөлтийн идэвхжил маш өндөр бөгөөд 1905 онд болсон Булнайн нурууны газар хөдлөлт, 1957 онд Говь-Алтай аймагт болсон аюулт үзэгдэл нь эх газрын дотоодод болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тооцогддог. 

Маш хүчтэй газар хөдлөлтийн дараа газрын гадаргуу цуурдаг. Булнайн нурууны газар хөдлөлтөөр нийтдээ 370 км урттай хагарал үүсэж цуурсан. Тус газар хөдлөлтөөс хойш 100 гаруй жил өнгөрч байхад газрын зурган дээр үзэхэд шив шинээрээ байх жишээтэй.

Тэгэхээр манайхны тогтоосон Улаанбаатарыг тойрсон зургаан хагарал, Япончуудын тогтоосон нэг хагаралтай нийлээд нийт долоон хагарал Улаанбаатарын нутаг дэвсгэрт байгаа. 

"ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЖИГЛАЛТЫН ЦЭГИЙН ТООГООРОО МАНАЙ УЛС ИХ ХОЦРОГДОЛТОЙ. БИД ЯДАЖ 100 СТАНЦТАЙ БОЛОХ ЮМСАН ГЭЭД МӨРӨӨДӨЖ БАЙНА"

- Газар хөдлөлтийн хүчинд хөрс нөлөөлөх үү?

- Газар хөдлөлтийн хүчийг сулруулна гэх зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Японы Хирошима хотод дэлбэрсэн атомын бөмбөгөөс хэдэн мянга дахин илүү хүчтэй энерги газрын гүнд ялгарч байгаа юм. Тэгэхээр тэрийг зогсооно, болиулна, сулруулна гэсэн ойлголт огт байхгүй.

Газар хөдлөлт гэдэг 10 гаруй км-ийн гүнд болдог процесс бөгөөд 15, 16 км-ийн зузаантай газрыг хагалдаг. Газар хөлдөөд гэсэх үед газар хөдлөлт ихэсдэг гэж зарим хүн ярьдаг. Гэтэл энэ улирлын газар хөлдөлт гэсэлт нь 3-4 км-ийн гүнд явагддаг. Тэгэхээр гэсэлт хөлдөлт газар хөдлөлтөд нөлөөлөхгүй. Газрын гүнд үүсэж буй чичирхийлэл нь хөрснөөс хамаараад барилгад янз бүрийн нөлөөлөл үзүүлдэг. Барилга хүнд мэдрэгдэхгүйгээр байнгын савлагаанд байдаг. Тэрийг бид хувийн хэлбэлзэл гэж нэрлэдэг. Газар хөдлөлтийн долгион хөрсөнд орж хугардаг бөгөөд барилгынхаа хувийн хэлбэлзэлтэй хөрсөөр орж ирж буй долгион давхцвал барилгаа нураачихдаг юм.  Өөрөөр хэлбэл дээс эргүүлэхдээ хоёр хүн адилхан эргүүлбэл дээс нь эрчтэй эргэдэг, гар нь зөрчихвөл эргэдэггүйтэй адил үзэгдэл хөрсөн дор явагддаг. 

График. 2011-2021 оны хооронд Монгол орны нутаг дэвсгэрт болсон магнитуд нь 3.5 буюу түүнээс дээш газар хөдлөлтийн тоон мэдээлэл

 

- Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болжээ?

- Хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэснээр манай дэлхий долгисон хөдөлгөөнд ордог. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарал үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэснээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг.

Дэлхийн дотоод бүтцийг авч үзвэл 2,000 гаруй км-ийн зузаантай шингэн лаав дээр бидний амьдарч буй 5-70 км-ийн зузаантай хавтгай чулуу хөвж яваа. Энэ чулуу нь лаавын идэвхжил зэргээс хамаараад хоорондоо маш том хагарлаар зааглагдсан. Тэр хагарлынхаа дагуу хөдөлгөөнүүд байнга хийгдэж байдаг.

Тэр үйлдлээр нь дэлхийд нийтдээ 23 хавтан байна гэж ялгасан. Манай улс бол Евроазийн хавтан дээр оршдог. Евроазийн хавтан Номхон далайн хавтан дээр очиж мөргөлддөг бөгөөд Япон улсын хувьд яг энэ мөргөлдөөний цэгт суудаг учраас газар хөдлөлтийг маш их үздэг. Сүүлийн үед суурилуулсан GPS- тэй олон станцын ачаар Монголын нутаг дэвсгэр зүүн урагшаагаа жилд 28 мм буюу 2.8 см-аар Японы зүг рүү чиглээд хөвөөд явж байна гэж тогтоосон.

- Газар хөдлөлтийг мэдрэх станцууд манай улсад хэд байвал болох вэ? 

- Товчхондоо бол хот орчмын газар хөдлөлтийн хагарлыг таамаглах 61 станц, орон нутгийнхийг бүртгэх 68 станцтай. Багажны хувьд дэлхийд ашиглагдаж байгаа сайн гэх багажууд манайд суурилагдсан. Тэгэхээр технологийн хувьд дэлхийн жишгээр явна. Газар хөдлөлтийн шинжлэх ухаан, үйлдвэр аж ахуйгаас ялгаатай нэг тал нь дэлхий нийтийн зовлон болдог тул олон улсын хамтын ажиллагаа маш сайн хөгжсөн байдаг. Анх 1994 онд Франц, Америкууд өөрсдийнхөө багажийг Монголд авчирч суурилуулсан. Бид Америк, Хятад, Франц, Япон зэрэг улсуудын өгсөн багажийг бид одоо ашиглаад явж байна.

Харин газар хөдлөлтийн ажиглалтын цэгийн тооны хувьд манай улс хоцрогдолтой яваа. Яагаад гэвэл улс үүнд нэг ч төгрөг өгдөггүй. Дандаа олон улсын тусламжаар л байгуулсан станцууд бий. 2005 онд ийм асуудал учирсан гэж хэлж байж 2011 онд Улаанбаатар орчимд байгуулах багаж төхөөрөмжийн хөрөнгийг шийдэж өгсөн. Бусад станцуудыг хамтын ажиллагааны тусламжаар тавьсан. Монголд 21-22 газар л станц ажиллаж байгаа. Баруун төв хэсгээрээ ихэнх станцууд төвлөрсөн. Зүүн хэсгээрээ байдаггүй. Нөхцөл байдал ийм байгаа. Гэтэл газар хөдлөлт бага болдог БНСУ-д 300 гаруй станц ажилладаг. Японд бол газар хөдлөлтийг бүртгэх 10 мянга гаруй станц ажилладаг. Бид энд ядаж 100 станцтай болох юмсан гээд мөрөөдөж байна. 

- Ярилцсанд баярлалаа.