Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордноо үргэлжилж байна.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны “Шинэ төмөр зам” төслийн талаар хэлэлцэж, гэрчээр дуудагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас түр хорооны гишүүд асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ажлын хэсэг удирдаж байгаа хүн өөртэйгөө гэрээ байгуулсан баримт байна. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ? 

-Цар тахлын үед төмөр замын бодлогыг УИХ-аар баталсны дагуу манай улс түүхэндээ анх удаа дэлгэмлээрээ 800 орчим км төмөр зам барьсан. Т.Доржханд гишүүн үүнийг мэдэж байна уу? Энэ хэргийг 2015-2017 оны хооронд АТГ, ЭЦА-аас зөндөө шалгасан. Одоо юуг, яаж мушгих гээд байгааг нь ойлгохгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зөвлөх багаас "Шинэ төмөр зам"-ын ТЭЗҮ гэх баримт бичгийг хүлээлгэн өгчээ. Гэвч мэдээллээ боловсруулаагүй, хөндлөнгийн этгээдээр хянуулаагүй. Мөн баримт бичгийн танилцуулга хэсэгт зөвлөх багт McKinsey and Company гэж дурдагдсан ч тухайн компанийн албан ёсны вэб хуудаст баримт бичигтэй холбоотой мэдээлэл олдоогүй гэдгийг шинжээч хэлсэн. Хэн энэ компаниудтай амаар ажил тохироод явсан бэ? 

-Монголд анх удаа төмөр зам өөрсдөө тавих гэж байгаа учраас хөрс хуулалтаа Дорнод, Баруун-Урт, Дорноговиос эхлээд үзье гээд гурван компани санал тавьсан. Энэхүү саналын дагуу туршилтын ажлуудаа хийж эхэлсэн бөгөөд тодорхой хэмжээний зардлуудыг компани өөрөө гаргасан.

Тухайлбал, Дорноговьд одоогийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хөрс хуулалтын ажлаа эхлүүлж байсан. Шинэ юм үзэх гээд байна шүү дээ Б.Энхбаяраа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та өөртэйгөө хамт ажиллаж байсан н.Ганбатыг гадаадаас ирээд хэрэггүй гэж хэлсэн байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?  

-Бид нар ийм том төсөл хэрэгжүүлэх гээд байна. Найз нөхөд чинь байна уу гээд н.Ганбатыг урьж авчирсан гэсэн үг. Ингээд ажиллаж байхад нь оффисыг нь лацдахаар над дээр асуудал гардаг юм байгаа биз дээ. 

Одоо харин аж үйлдвэр, төмөр зам руу орж ажиллахад хууль хүчний байгууллага яагаад дарамтлаад байдгийг асуумаар байна. Бид сүүлийн 30 жил ядуу орон болж хувирлаа. Ажлын байр зарлах хэмжээний том хөтөлбөр явуулахгүй болохоор Монголоос мэдлэгтэй залуус гарч яваад байна. 

Энэ тушаал болгонд тухайн үеийн Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан одоо УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хамааралтай. Тэр хүнийг дуудаж асуух хэрэгтэй шүү дээ.