Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр цаашид тус нам сөрөг хүчний үүргээ хэрхэн гүйцэтгэх талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "УИХ дахь АН-ын гишүүдээрээ дамжуулж, мөнгөний, татварын бодлогыг өөрчилж, бизнес эрхлэгчдээ хамгаална. Төр нь бизнес рүү очдог биш, бизнес эрхлэгчид нь төрдөө ханддаг тогтолцоог бүрдүүлнэ. Эдгээр асуудлыг тавихад эсэргүүцэж, унагах юм бол бид хариуцлага нэхнэ. 

Зүгээр л хүн муулаад, дайсагнаад байвал хөгжил ирэхгүй, асуудал шийдэгдэхгүй юм байна. Ухаантнуудаар хүрээлүүлж, бодитой бодлого гаргана. Ядуурлыг зогсоохын төлөөх АН-ын бодлогыг жадлан эсэргүүцсэн хэнтэй ч болов хариуцлагын асуудал ярина" гэсэн юм. 

Харин АН-ын тамганы асуудлаар "Хуваагдал битгий гараасай гэж бодож байна. Тийм учраас С.Эрдэнэ, Х.Баттулга хоёртой уулзалт хийж байгаа. Бүртгэгдсэн нам өөртөө тамгаа хийлгэж авна. Бүтцээ баталж, зохион байгуулалтаа хийнэ. Хамгийн гол нь бид хэн нэгнийг тойргийн гадна үлдээхгүй" хэмээв.