“Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Соронзон хил давах гэж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулж асуув.

"Тус прокурорын газраас иргэн Ж.Соронзонг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаад, шүүхэд шилжүүлэх санал гарган ирүүлснийг одоо прокурор хянаж байна.

Прокуророос Ж.Соронзонд “Монгол Улсын хилээр гарахыг” хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг 2022 оны аравдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч шүүхээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Иргэн Ж.Соронзон гадаад улсад зорчих талаар хэрэгт хяналт тавьж буй прокурорт албан ёсоор мэдэгдээгүй байна" хэмээн тайлбарлалаа.