Нийслэлийн 1,300 орчим Сууц Өмчлөгчдийн Холбоо (СӨХ)-г зохион байгуулалтад оруулж, хариуцлагатай болгох хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын 2023 оны А270 дугаар захирамжаар СӨХ-дын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа 400,000 гаруй өрхийн тал хувь нь нийтийн орон сууцанд амьдарч байгаа юм. Эдгээр иргэний амьдрах орчныг сайжруулж, нийслэлийн зүгээс СӨХ-той хамтарч ажиллах, тодорхой түвшинд дэмжлэг үзүүлэхэд эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий.

Жишээлбэл, нийт СӨХ-ны дөнгөж 307 орчим нь газар ашиглах гэрээ байгуулж ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, газартай холбоотой маргаан нийслэлийн хэмжээнд маш их байдаг. Гэтэл оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалж, иргэдэд зориулж газраа тохижуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах зэрэг газар ашиглалтын байдал одоо хүртэл идэвхгүй байна. Эдгээр нь СӨХ-дын үйл ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж буй. 

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар, нийслэлийн ЗДТГ нь хийх ёстой ажлын чиг үүрэг нь СӨХ-нд зохицуулалт хийх, хяналт тавих ажил юм. Энэ чиг үүргийнхээ хүрээнд иргэд, оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-д болон нийт оршиг суугчдын зүгээс хуулийн төсөл боловсруулах ажилд идэвхтэй оролцож, саналаа ирүүлээрэй.

Бид Ulaanbaatar.mn гэх цахим хуудсаар дамжуулж, иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулна" гэлээ. 

Мөн "Нийслэлд маш олон барилга шинээр ашиглалтад орж байгаа. Гэтэл барилгын компаниуд СӨХ-г оршин суугчдад шилжүүлж өгдөггүй. Хэдий хугацаанд яаж шилжүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Тиймээс хуулийн төслийг боловсруулах бас нэг үндэслэл болж байгаа. 

Нөгөө талаас иргэдийг хариуцлагатай болгох, дундын өмчлөл, орчны газраа нийтийн эрх ашгийн төлөө тохижуулах, ашиглахад оршин суугчдыг хэрхэн оролцуулах, СӨХ-ны мөнгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой гэх мэтчилэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгана. Гэхдээ иргэд болон СӨХ-дын саналыг авч, харилцан зөвшилцөж, хотын зүгээс яаж дэмжих зэрэг хариуцлагаас гадна харилцан дэмжих зохицуулалт чухал.

СӨХ-ны төлбөр харилцан адилгүй байдаг. Төлбөр ямар байвал оршин суугчдын зүгээс амьдарч байгаа орчиндоо сэтгэл хангалуун байх вэ? гэх мэтчилэн тодорхой зохицуулалтыг оруулна. Мэдээж иргэдийн саналыг авч байж тусгах ёстой асуудал. Өөрөөр хэлбэл, төлбөрийг тухайн оршин суугчид өөрсдөө хэлэлцэн тохиролцож, тогтоох юм.  СӨХ-ны төлбөрийн доод хэмжээг тогтоох нь оршин суугчдын эрх ашгийг хамгаалахтай холбоотой зөв зохицуулалт болно. Гэхдээ иргэдийнхээ саналыг сонсож байж хийх ёстой ажил.

Иймд хуулийн төсөл боловсруулахад иргэд, СӨХ-д идэвхтэй оролцох шаардлагатай байна. Аль болох нээлттэйгээр иргэдийн саналыг тусгах чиглэлээр зохион байгуулна" хэмээн ярилаа.