Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даалгавраар томилогдсон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн БЭТ, Хэнтийн уугуул Ж.Ганбат, “Таван толгой” ХК-ийн БЭТ, Х.Нямбаатарын хүн П.Сайнзориг нар “нүүрсний хулгай”-н буюу 1.2 их наяд төгрөгийн тендерийн хэргээр хоригдож, шалгагдаж яваа Б.Хишигдоржид өнгөрсөн сард нийт 220 тэрбум төгрөгийн тендер өгчихжээ.

Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд авлигын барилдлагатай ах дүүс болж, хариуд нь “Хишиг арвин индустриал” ХХК-даа 1.2 их наяд төгрөгийн тендер авч чадсан Б.Хишигдорж Засгийн газрын БЭТ нар болох Ж.Ганбат, П.Сайнзориг нарыг ч “авлигадаж” дөнгөсөн бололтой. 

 

     Уг нь, “нүүрсний хулгай”-н хэргийн гол төлөөлөл, нийгмийн анхаарлын төвд байгаа Б.Хишигдоржид дахиад тендер өгч, толгойг нь илж болохгүйг БЭТ Ж.Ганбат, П.Сайнзориг нар мэдэхийн дээдээр мэдэх, хамгийн сайн ухамсарлах учиртай хүмүүс байв. Харамсалтай нь, Ж.Ганбат, П.Сайнзориг нар Б.Хишигдоржийг хууль хяналтынхны хаалга сахин шалгагдаж байгааг мэдсээр байж хувийн компанид нь 220 тэрбум төгрөгийн тендер өгснөөрөө “нүүрсний хулгай”-н эсрэг нийгмийн тэмцлийг “дэвсэлчихлээ”. Нөгөөтээгүүр, тэдний эл үйлдлийг дагаад Л.Оюун-Эрдэнийн “нүүрсний хулгай”-н эсрэг тэмцэл анхнаасаа нэр төдий “шоу” байв уу, цаашлаад тэр “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, өөрийн хүмүүсийг БЭТ-өөр томилсны цаана ах нарынхаа “нүүрс” гэх хоолыг булаах хувийн ашиг сонирхол нуугдаж байв уу гэдэг ноцтой хардлагууд ч гарч ирж байна. 

 

    Тэгвэл одоо баримтыг танилцуулъя. Б.Хишигдорж хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхлэхээсээ өмнө нь “Эрдэнэс тавантолгой” ХК, “Таван толгой” ХК-ийн нүүрсний олборлолт, ачилтын тендерүүдийг “Хишиг арвин индустриал” ХХК-аараа түүдэг байсан. Харин энэ удаад Б.Хишигдорж дахин тендер авч байгаа мэдэгдэхгүйн тулд “Кэй эй рентал сервис” ХХК гэх хүнд машин механизмын засварын компаниараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс ачилтын 50 тэрбум, “Таван толгой” ХК-ийн нүүрс олборлолтын 170 тэрбум төгрөгийн тендерийг авч чаджээ. Хамгийн ноцтой нь, Б.Хишигдорж БЭТ Ж.Ганбат, П.Сайнзориг нартай “хуйвалдаж”, “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн тендерүүд зарлагдахаас ердөө сарын өмнө “Кэй эй рентал сервис” ХХК-аа өөр хүний нэр дээр шилжүүлж, өнгөлөн далдалжээ.


 “ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН БЭТ П.САЙНЗОРИГ ӨНГӨРӨГЧ ГУРАВДУГААР САРД Б.ХИШИГДОРЖИЙН “КЭЙ ЭЙ РЕНТАЛ СЕРВИС” ХХК-Д ХӨРС ХУУЛАЛТ, ОЛБОРЛОЛТЫН 170 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ӨГЧЭЭ 

      “Таван толгой” ХК-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд ТТХК/202301041 дугаартай, “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгч шалгаруулах” гэх нэртэй, тус бүр 170 тэрбум төгрөгийн А, Б хоёр багцтай, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Ингээд өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд тендерийн дүн гарахад А багцад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ангарын “Новел лизинг” ХХК, харин Б багцад “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржийн “Кэй эй рентал сервис” ХХК тус тус шалгарсан байна. Хамгийн ноцтой нь, Б.Хишигдоржийн “Кэй эй рентал сервис” ХХК нь тус тендерт өрсөлдөгч гурван компаниасаа хамгийн өндөр үнийн санал илгээсэн атлаа шалгарчихсан байгаа юм. Харин өрсөлдөгч гурван компанийг нь “Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаагүй” шалтгаанаар хассан байна. Өөрөөр хэлбэл, 170 тэрбум төгрөгийн Б багцын тендер будилаантай буюу Б.Хишигдорж, П.Сайнзориг нарын хуйвалдаанаар хамгийн өндөр үнийн санал илгээсэн мөртлөө “Кэй эй рентал сервис” ХХК шалгарсан байж болзошгүй эхний сэжүүр бол энэ. 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БЭТ Ж.ГАНБАТ ӨНГӨРӨГЧ ГУРАВДУГААР САРД Б.ХИШИГДОРЖИЙН “КЭЙ ЭЙ РЕНТАЛ СЕРВИС” ХХК-Д НҮҮРС АЧИЛТЫН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ӨГЧЭЭ 

     “Эрдэнэс тавантолгой” ХК-аас өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ЭТТХК/202302003 дугаартай,  “Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт” нэртэй 50.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Тус тендерт гурван компани өрсөлдсөн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд тендерийн дүнг зарлахад Б.Хишигдоржийн “Кей эй рентал сервис” ХХК шалгарчээ. Харин өрсөлдөгч хоёр компанийг нь “Хамгийн бага үнийн санал илгээсэн “Кей эй рентал сервис” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзав” хэмээн хассан байна.

 

Хоржоонтой нь, дээр дурдсанчлан “Кей эй рентал сервис” ХХК нь “Таван толгой” ХК-ийн 170 тэрбум төгрөгийн Б багцын тендерт оролцохдоо хамгийн өндөр үнийн санал илгээсэн боловч өрсөлдөгч гурван компанийг нь “Тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй” хэмээн хасаж байгаад  “Кей эй рентал сервис” ХХК-ийг ялуулчихсан. Харин “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 50 тэрбум төгрөгийн тендер оролцохдоо “Кей эй рентал сервис” ХХК хамгийн бага үнийн санал илгээж, өрсөлдөгч хоёр компанийг нь “Өндөр үнийн санал илгээсэн” шалтгаанаар хассан байна. Товчхондоо, Б.Хишигдоржийн “Кей эй рентал сервис” ХХК-ийг тендерт ялуулахын тулд “Эрдэнэс тавантолгой” ХХК болон “Тавантолгой” ХК-ийн зүгээс тендерийн будилааны бүх аргаа ашигласан харагдаж байгаа юм. 

Б.ХИШИГДОРЖ “ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НИЙТ 220 ТЭРБУМ ТЕНДЕРТ ОРОЛЦОХООСОО ГАНЦХАН САРЫН ӨМНӨ “КЭЙ ЭЙ РЕНТАЛ СЕРВИС” ХХК-АА Н.ЭРДЭНЭ-ОЧИР ГЭХ “ЦЭРЭГ”-ИЙНХЭЭ НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛЖ, ӨНГӨЛӨН ДАЛДАЛЖЭЭ 

   Хамгийн ноцтой нь, Б.Хишигдорж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 50 тэрбум төгрөгийн тендер болон “Таван толгой” ХК-ийн 340 тэрбум төгрөгийн тендерийн Б багцын 170 тэрбум төгрөгийн Б багцыг авахын тулд маш нарийн зохион байгуулалттай заль зохиожээ. Тодруулбал, Б.Хишигдорж “Хишиг арвин индустриал” ХХК-ийнхаа хүнд машин, механизмуудын засвар үйлчилгээг хариуцуулах зорилготойгоор “Кэй эй рентал сервис” ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулж, өөрийн төрсөн хүү Х.Батхишигийн хамт эзэмшиж эхэлсэн. Тус компанийг байгуулснаас хойш гүйцэтгэх захирлаар нь төрсөн хүү Х.Батхишиг нь ажилладаг байжээ. Харин 2022 оны гуравдугаар сард өөрийн хүү Х.Батхишигийн найз, банкны эдийн засагч мэргэжилтэй Нямдоржийн Эрдэнэ-очир гэх залууг “Кэй эй рентал сервис” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлаар томилсон байгаа юм. Н.Эрдэнэ-очир нь 2012-2017 онд Голомт банканд ахлах менежер, 2017-2021 онд Чингис хаан банканд хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2022 онд ийнхүү Б.Хишигдоржийн “цэрэг” болжээ. 

Тайлбар: "Кэй эй рентал сервис" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэ-Очир

Гэтэл Б.Хишигдорж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 50 тэрбум, “Таван толгой” ХК-ийн 340 тэрбум төгрөгийн тендер зарлагдахаас ганцхан сарын өмнө буюу 2023 оны нэгдүгээр сарын 10-нд “Кэй эй рентал сервис” ХХК-аа Гүйцэтгэх захирал Нямдоржийн Эрдэнэ-очирын нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээс өөрийнхөө болон хүү Х.Батхишигийнхээ нэрийг хасуулжээ. Ингээд “Кэй эй рентал сервис” ХХК нь элдэв хар түүхгүй Нямдоржийн Эрдэнэ-Очир гэх залуухан бизнесмений дангаараа эзэмшдэг компани мэтээр өрсөлдөж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 50 тэрбум, “Таван толгой” ХК-ийн 340 тэрбум төгрөгийн Б багцын 170 тэрбумын тендерийг авсан байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн нүүрсний олборлолт, ачилтын тендерүүд зарлагдах гэж байгааг Б.Хишигдорж урьдчилан мэдэж, улмаар тус тендерүүдийг авахын тулд “Кэй эй рентал сервис” ХХК-аа Н.Эрдэнэ-очир гэх хүний компани болгож өнгөлөн далдалсан нь тодорхой харагдаж байгаа юм. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат, “Таван толгой” ХК-ийн БЭТ П.Сайнзориг нар “Кэй эй рентал сервис” ХХК-ийн жинхэнэ эзэн нь Б.Хишигдорж гэдгийг, ганцхан сарын өмнө хэний ч танихгүй жирийн нэг банкны мэргэжилтэн Н.Эрдэнэ-Очир гэгчид шилжүүлснийг нь огт мэдэлгүйгээр, түүхийг нь судлахгүйгээр бүхэл бүтэн 220 тэрбум төгрөгийн тендер өгчихсөн гэвэл түүн шиг үлгэр байхгүй биз. Харин БЭТ Ж.Ганбат, П.Сайнзориг нар Б.Хишигдоржтой хуйвалдаж, тендерт оролцогчид болон олон нийтэд хэл ам гаргахгүйн тулд “Кэй эй рентал сервис” ХХК-ийг Б.Хишигдоржийнх биш Н.Эрдэнэ-Очир гэх ганц хүний компани гэж итгүүлэх заль зохиосон гэвэл үнэнд илүү ойртох биз. 

Тайлбар: "Кэй эй рентал сервис" ХХК-ийн хуучин бүртгэл

Тайлбар: "Кэй эй рентал сервис" ХХК-ийн шинэчилсэн бүртгэл

Тэгвэл Б.Хишигдорж дахин тендер авах зорилгоор өөрийн "Кэй эй рентал сервис" ХХК-ийг Н.Эрдэнэ-Очирт түр шилжүүлснийг нотлох олон баримт байна. Жишээ нь, “Кэй эй рентал сервис” ХХК нь доороо “Кэй эй говь девелопмэнт” ХХК, “Кэй эй сор девелопмент” ХХК гэх хоёр охин компанитай. Тэгвэл “Кэй эй рентал сервис” ХХК-ийн эзэмшдэг “Кэй эй говь девелопмэнт” ХХК, “Кэй эй сор девелопмент” ХХК-уудын эцсийн өмчлөгчөөр нь одоог хүртэл Бадамдоржийн Хишигдорж, Хишигдоржийн Батхишиг нар бүртгэлтэй хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Б.Хишигдорж, Х.Батхишиг нар “Кэй эй рентал сервис” ХХК-аараа “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-аас 220 тэрбум төгрөг авахын тулд Н.Эрдэнэ-очирын нэрийг ашигласан гэдгийг хөдөлшгүй нотолгоо бол энэ юм. 

 

ЭХ СУРВАЛЖ:

ERGELT.MN