Нэгдүгээр хороолол, Хүүхдийн 100 орчмын зогсоолыг төлбөртэй болгохоор төлөвлөжээ. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өгсөн юм. 

Тэрбээр "Хотын төвд үнэгүй зогсоолгүй байхгүй болгох бодлого баримталж байна. Яагаад гэхээр төв рүү машин унаж ирээд, ажил хөөцөлдөхөөс илүү машинаа өдөржин оффисынхоо гадаа тавьдаг.

Энэ зундаа багтаад нэгдүгээр хороолол, Хүүхдийн 100 орчмын зогсоол төлбөртэй болно. Хэн нэгэн мөнгө хурааж зогсохгүйгээр автоматаар зогсоолын төлбөрөө бичнэ. 

Нийслэлийн 48 авто зогсоолыг нэгдсэн удирдлага, менежментээр хангаж, хувийн аж ахуйн нэгжид хариуцуулна. Ингэснээр галын хайч гэж нэрлэгддэг зүйлээр төлбөрөө авах, мөн хаалт тавьсан байдлаас сална гэж тооцоолж байгаа. Үр ашиг багатай, сэлгэлт муутай зогсоол нь замын түгжрэлд нөлөөлж байна. Зогсоол олно гэсэн бодлоор тухайн орчмыг тодорхой хэмжээний хугацаанд тойрч, аз үзэж байгаа нь замын түгжрэлд нөлөөлж байна гэсэн судалгаа гарсан. 

Машинд биш иргэнд зориулсан хот болохын төлөө нийслэлийн бодлого чиглэж байгаа" хэмээв.