Их Британийн “төмөр хатагтай” Маргарет Тетчерийн “...Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө гэж бий” хэмээсэн нь ойрын үед нэлээд эшлэгдэж байна. Тэгэхээс аргагүй нөхцөл үүслээ л дээ.

Учир нь манай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд тусгай сангуудаас ёстой л “тусгай үйлчилгээ” авсаар иржээ. Цөлмөсөн байна. ЖДҮ сан дээр амаа хамхиад, чихээ таглаад өнгөрсөн олон түмэн Боловсролын зээлийн сан дээр ам нээж эхэллээ. ЖДҮ сангийн асуудлыг ч дан ганц 2018 оных бус “...Байгуулснаас нь хойшх бүх цаг хугацааны туршид хэн, хэдийг авсан байна” гээд дэлгэвэл уур хүрмээр нэрс, тоонууд гарч ирнэ. Гэхдээ дахиад 40-өөд сангийн мэдээлэл ил болгоно гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Энэ сайн хэрэг л дээ. Үнэндээ ийм тэгш бус хуваарилалт л Монголыг, монголчуудыг ийм царайтай байлгаж байгаа юм. Тэгэхээр уурлах, бухимдах, тэр байтугайг ч хийх шалтгаан мөнөөс мөн. 

За яахав, ингээд бүх тусгай сангийн зарцуулалт ил болно. Хулгайч, дээрэмчид нь багаа хуулуулна. “..Арьс”-аа ч хуулуулж мэднэ. Юу л болох бол доо?!

Ямар ч байсан мэдээлэл ил болж, ард түмэн ямар нэг байдлаар хариу үйлдэл үзүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ амьдрал үргэлжилнэ. Тэгэхээр цаашид тусгай сангууд ийм тусгай үйлчилгээ үзүүлдэггүй байх хэрэгтэй.

Бодоод байхад тусгай сангуудаас тусгай үйлчилгээ хүртдэг нөхдүүд Төрийн гэсэн болгон төрийн том даргынх гээд ойлгочихдог бололтой юм. Хар даа, “...Төрийн” гэж “овог”-лоод л оноосон нэр өгчихөөр дампуурдаг. Ер нь л үйл ажиллагаа нь явахаа больчихсон байх нь элбэг.

Тэгэхээр нэг санал байна. “...Төрийн” гэсэн бүхнийг “..Татвар төлөгчдийн” гэдэг “овог”-той болгоё. Суулаад, хоослоод байгаа Төрийн тусгай сангуудыг Татвар төлөгчдийн сан гэчихвэл ямар сонсогдож байна вэ.

Хамгийн түрүүнд Төрийн ордныг Татвар төлөгчдийн ордон хэмээн нэрийдэх хэрэгтэй. Араас нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж бий. Тэрийг Татвар төлөгчдийн өмчийн бодлого зохицуулалтын газар болгочихъё. Утга агуулга нь яг онож байгаа биз. Бас Төрийн банк байна. Татвар төлөгчдийн банк гэхэд яг болно. Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Татвар төлөгчдийн худалдан авах ажиллагааны газар гэчих нь зөв. Төрийн албаны зөвлөлийг ч Татвар төлөгчдийн албаны зөвлөл гэвэл зохино. Тэгээд Төрийн алба хаагчид гэдгийг Татвар төлөгчдийн алба хаагчид гэх хэрэгтэй. Тэгвэл томроод занхайгаад байдаг төрийн алба хаагчид “...Би хэн бэ” гэдгээ мэддэг болно. За тэгээд, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар гэж байна. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр” Татвар төлөгчдийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчлөх жишээтэй.

Ер нь бол энэ аргаа барсан л гарц л даа. Гэхдээ “...Татвар төлөгчдийн” гэчихээр цаадуулын чинь га явахаа больж мэдэх л юм. Учир нь “...Төрийн гэхээр “...Таных шүү” гээд ойлгочихдог бололтой юм. Бололтой ч гэж дээ, мөн ч олон жишээнээс харлаа шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин