Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.06.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Миний бие "Шувуу" ажиллагааг нь ахалж ажиллаж байна. Бид анх 92 хүний асуудлыг танилцуулсан. Энэ нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан, бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 92 нэр бүхий хүмүүсийг Монгол Улсад авч ирж мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр ажиллана гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ тоо өсч 127 хүний нэр гарч ирсэн. Тэднийг "Шувуу" ажиллагааны хүрээнд тасралтгүй эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх, зарим улстай хамтран ажиллаж авч ирэх чиглэлээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар авлигатай тэмцэх "Шувуу" үйл ажиллагааны хүрээнд интерполын улаан буланд 22 хүн, хөх буланд 70 хүнийг эрэн сурвалжлуулж байна. Үүнээс нийт 45 хүнийг олж тогтоосон. Таван хүнийг авч ирсэн, сайн дураараа 12 хүн ирчихээд байна. Одоо 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ. 

Интерполын улаан шугамаар эрэн сурвалжлагдаж байгаа 47 этгээдээс 25 иргэний байгаа газраас тогтоосон. Хаана байгаа нь тогтоогдоогүй 22 хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. 

"Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авчрах ажил хийгдэж байна. Иргэдээс хаана амьдарч байгаа талаарх мэдээллийг хууль сахиулах байгууллагад ирүүлсэн. Бид АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиг үүргээр ажиллагаа явуулах хуулийн боломж байхгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй гэх үйлдлүүдийг шалгаж байгаа гэдгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. 

Харин Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын байршлыг баталгаажуулсан байна. Тэрбээр Малайз улсад байгаа бөгөөд албадан авчрахаар тус улсын хууль сахиулах байгууллагууд руу бичиг хүргүүлжээ.